Шведийн хаантны академи Физикийн салбарын 2019 оны шагналтнуудыг өнөөдөр зарлалаа. Энэ жилийн шагналыг Жеймс Пибблз, Дидье Келозе, Мишель Майор нар одон орон, астрофизикийн салбарын ажлаараа авчээ.
Нобелийн физикийн 2019 оны шагналыг “космологийн физикийн онолын нээлтийн төлөө” Канадын Жеймс Пибблз, “нар шиг оддын тойрог замд экзо гарагсийг (эртний грекээр ἔξω, exō — гадуурх, гаднын гэсэн утгатай бөгөөд нарны аймгаас гадна байгаа гараг) нээсэн” швейцаричууд Мишель Майор, Дидье Келозе нарт олгож буйгаа Стокгольм дахь Нобелийн хороо мэдээлэв. Эдгээр хүмүүсийн нээлтүүд бидний сансарын тухай мэдлэгийг шинээр бүрдүүлж, хорвоогийн тухай төсөөллийг нэг мөсөн өөрчилж өглөө гэж хорооны мэдэгдэлд онцолсон байв.
Канад-америкийнодон орны физикч Жеймс Пибблз хар материйг судлан анхдагч нуклеосинтез буюу Их дэлбэрэлтийн үеийн байгалийн үйлдлүүдийн загварчлалыг бүтээж иржээ. Нэг үгээр, Их дэлбэрэлтийн явцад устөрөгчөөс хүнд химийн элементүүдийн цөм хэрхэн үүсч буйн моделийг хийж байв. Мөн түүнчлэн галактикийн үүсэл, галактикийн бөөгнөрөл, сансарын хэт богино долгионы дэвсгэр зэргийн асуудлуудыг судалж ирэв. Пибблзийн онолын байгууламжийн буянаар эрдэмтэд ертөнцийн залуу үеийн гэрчлэлийггаргасан ба физикийн шинэ үйлдлүүдийг нээж байна гэж Нобелийн хороо дүгнэжээ.
Пибблзийн хориод жилийн хугацаанд бүтээсэн онолын үндэс нь “Их дэлбэрэлтээс өнөөдөр хүртлэх Хорвоо ертөнцийн түүхийн бидний ойлголтын үндэс суурь нь болж байна” хэмээн швед шинжээчид үзжээ.
Мишель Майор, Дидье Кело хоёрын гавъяа нь тэд 1995 онд экзо гарагийг нэг үгээр Нарны аймгаас гаднах гарагийг анх нээсэнд оршино. Нар шиг сансарын биетийг тойрч байгаа “51 Пегаса b” гарагс нь дэлхийгээс 50 гэрлийн жилийн цаана байгаа юм. Тэр цагаас хойш одон орончид 4000 гаруй экзо гарагсийг нээгээд байгаа юм.
Жеймс Пибблз 1935 онд Канадын Манитоба төржээ. Одоо тэрбээр Принстоны их сургуулийн (АНУ) гавъяат профессор бөгөөд дэлхийн тэргүүн космологчдын нэг юм.
Мишель Майор 1942 онд Лозанна хотод төржээ. Лозаннын их сургуулььд магистр аваад Женевын обсерваторид докторын диссертацийг хамгаалжээ.
Түүнтэй мэргэжил нэгтэн Дидье Келозе мөн л Лозанна хотод 1966 онд төржээ. Женевын их сургуульд Мишель Майорын удирдлагаар PhD зэргийг авчээ. Яг тэр үеэр тэд хамтран одны ойролцоо 51 Пегас гэсэн анхны экзо гарагийг нээсэн юм. Экзо гарагийн дүн шинжилгээ нь Келогийн хувьд одны туяны хурдыг спектрометрээр хэмжих дасгал байсан юм. Гэтэл судлаач удалгүй 51 Pegasi нь өөрийн одыг 4,2 хоногт бүтэн тойрч буйг нээжээ.
Майор, Келозе хоёр 2017 онд шинжлэх ухааны чухал шагнал физикийн Вольфийг гардан авсан байв. Эрдэмтэд Вольфийн нэрэмжит шагналыг Нобелийн урьдатгал гэж тооцдог юм.
Мишель Майор, Дидье Келозе, Жеймс Пибблз (зүүнээс баруун тийш)
Нобелийн шагналыг 1901 оноос хойш 590 удаа гардуулаад байна. Шагналыг 908 хүн, 27 байгууллага хүртээд байгаа. Харин Физикийн салбарын шагналыг 112 удаа 210 хүнд олгоод байна. Өнгөрсөн оны шагналыг Артур Эшкин (АНУ), Жерар Муру (Франц), Донна Стрикленд (Канад) нар лазерийн физикийн салбарт хувьсгалт нээлт хийснийхээ төлөө авцгаасан юм. “Оптик чимхүүрийг эмнэлэгт хэрэглэх нь” гэсэн томъёоллоор шагналын мөнгөний тал хувийг, үлдсэн хэсгийг нь “хэт богино гэрлийн лугшилтыг бүтээснийхээ төлөө” Муру, Стрикленд хоёр тэнцүү хуваан авчээ.
Физикийн хамгийн залуу шагналтан нь 1915 онд 25 насандаа шагнал гардсан Австралийн Лоренс Брэгг болж байгаа. Залуу Лоренс эцэг Уильям Генри Брэггийн хамт рентген туяагаар талстыг судлаад шагнал авсан байлаа. Шагналтан физикчдийн дундаж нас нь 55 жил юм.