УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол, Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг БНФУ-ын 57 сая 985 мянган еврогийн зээлээр хэрэгжүүлэх аж. Зээлийн хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх гэнэ.
ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, "ОБЕГ-ын техник, тоног төхөөрөмжийн хангамж 55-60 хувьтай байна. Улсын хэмжээнд гал унтраах аврах 67 ангид 240 гаруй автомашин ашиглаж байгаагаас 30 гаруй хувь нь ОХУ, 20 гаруй хувь нь европын бусад улсуудад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж байгаа. БНФУ-ын Засгийн газрын энэхүү төслийг хэрэгжүүлснээр тоног, төхөөрөмжийн хангамж 80-90 хувьд хүрнэ гэсэн тооцоолол байгаа" гэсэн юм.
Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм байна.