Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Хакухо цом” сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх тэмүүллийг төрүүлэх зорилготой энэхүү тэмцээнээс шалгаран Япон улсад амжилттай барилдаж буй залуу бөхчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь уралдааны цар хүрээг илтгэн харуулж байгаа юм.

Тус тэмцээн нь аймаг, нийслэлийн дунд сургуулийн 9, 10, 11, 12 болон 13-15 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тус бүр тодруулах юм. Үүнээс 13-15 насны ангилалд 2004 оны 2-р сараас хойш төрсөн хүүхдүүд оролцох боломжтой аж.

“Хакухо цом” тэмцээн нь 10 жилийн ойн хүрээндээ нэмэлтээр багийн барилдааныг зохион байгуулахаар болсон.  Түүнчлэн нэг хүүхдийг Япон улсын сумо бөхийн сургалттай “Асахига Ока” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах эрх олгох юм. Тэмцээн аравдугаар сарын 18-нд “Спортын төв ордон”-д зохион байгуулагдах бөгөөд бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл “Их шавь” цогцолборт үргэлжилж байна.