Нийслэлийнхэн агаарын бохирдолд зарцуулаад үр дүнгүй “урссан” төсвийн мөнгийг тоолж шагширсаар өвлийг угтдаг байлаа. Харин энэ удаад бүр ч харамсалтай, угаартаж амиа алдсан хүмүүсээ тоолсоор өвөлтэй золгож байна!!! Энэ бол гамшиг, гутамшиг.
Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргахад олон нийт талархан хүлээн авч байсан цаг саяхан. Гэвч тухайн үед ийм олон хүн энэ шийдвэрийн золиос болж амиа алдах юм гэж хэн санах билээ. Одоо өдөр бүр сайжруулсан түлш түлээд угаартаж амиа алдсан хүмүүсийг тоолоод суух бус, цаашид яахаа шийдэх, хэн буруутайг олж тогтоох нь чухал байна!!!
Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, сурталчлах, худалдах, түгээх байгууллага, түүний удирдлагууд уг нь тодорхой бий. Түлшээ буруу түлсэн, зөв түлсэн эсэх энд хамаагүй. Сайжруулсан түлш түлсэн үү, түлсэн. Угаартсан уу, угаартсан. Энэ бол үнэн. Тэгэхээр хамгийн гол нь шинэ түлш нэвтрүүлж байгаа учраас бүх чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой байсан, алдаа гарсан гэдэг нь ойлгомжтой байна. Энэ чиглэлд хэн хэн, ямар ямар үүрэгтэйгээр ажиллаж байсаныг одоо тодруулъя.
Хүмүүс угаартаж амиа алдсанд явдалд хариуцлага хүлээх хүмүүс нь эдгээр байгууллагад бий. Ялангуяа энэ салбарыг тэргүүлэн ажиллаж буй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. Тэрээр хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 3-нд “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүсийн хамт сайжруулсан шахмал түлшийг борлуулж буй хэд хэдэн цэгт очиж ажилласан. Хүмүүс угаартаж амиа алдахаас хоёрхон өдрийн өмнө Ц.Даваасүрэн сайд нөхцөл байдлыг нь шалгасан гэсэн үг. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тухайн үед “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэдийн гал түлээд эхэлсэн. Тийм учраас газар дээр нь ажиллаж сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, шаталт болон илчлэг ямар байгаатай биечлэн танилцаж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа айлуудад мөн орж үзлээ. Шаталт сайн байна. Харж байхад яг асахдаа бага зэргийн утаа ялгаруулж байна. Ассанаас хойш бол зүгээр. Агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж харж байна. Харин ихээр худалдан авч, орон нутаг руу зөөх явдал ажиглагдаж байгаа учраас үүнд анхаарлаа хандуулах нь чухал байна” хэмээн ярьж байлаа.
Тэрээр шахмал түлшийг хөдөө орон нутаг руу зөөчих вий гэж иргэдээ хардсанаас бус хордчих вэ гэдэгт огт санаа зовсонгүй. Уг нь түлшийг хэрэглэж байгаа айлуудаар орж нөхцөл байдалтай нь танилцсан гэж байгаа боловч ямар үр дагавар гарч болохыг нь тооцоогүй байна. Улс төрийн өндөр соёлтой улс орнуудын жишгээр бол Ц.Даваасүрэн салбарын сайдынхаа хувьд болон хамгийн сүүлд өөрийн биеэр шалгаж “Ямарч асуудалгүй” хэмээн сурталчилсныхаа төлөө өдийд огцорчихсон байх ёстой. Гэвч тэрээр огцрох болзлоо хангасан ч сугарч үлдээд сурчихлаа.
Одоогоос жилийн өмнө Улаанбаатар хот бүхэлдээ цахилгаангүй болж тэг зогсолт хийсэн. Тухайн үед олон нийт Ц.Даваасүрэн сайдыг хариуцлага хүлээх ёстой гэж байсан ч зүгээр өнгөрсөн. Мөн түүнээс өмнө тоглож явсан хоёр хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдахад ч түүнээс хариуцлага нэхэж байлаа. Дээрх бүх тохиолдолд гүрийж, хариуцлагаас мултарсан Ц.Даваасүрэн сайд энэ удаад ч сурсан зангаараа сугарч үлдэхээр шийдсэн бололтой.