Хичээлийн шинэ жил эхлээд 40 хонох гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхан сурах бичгээ хүлээсээр. Есдүгээр сарын нэгэн гэхэд аль хэдийнэ хэвлэгдээд сурагчдын гар дээр очсон байх ёстой сурах бичгүүд яагаад ийнхүү сураг чимээ алдрав. Энэ бол БСШУСЯ-ныхны шууд хариуцах ажил. Тэгэхээр салбарын яам нь ажлаа хийгээгүй, хийхгүй байгаа, магадгүй цаашид хийх ч үгүй гэсэн үг үү. Уг нь хийх хүн аргыг нь олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг. Eagle News телевиз, www.eagle.mn сайт хоёр долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс сурах бичгийн талаар тодруулахад “Ирэх сард сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана. Энэ хичээлийн жилд 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэж байгаа" хэмээж байв. Сайдын хэлсэн үнэн бол сурах бичиг хэвлэгдээд гарчих хугацаа хэдийнэ өнгөрөөд байна. Энэ жил сурах бичиг хэвлэх мөнгө улсын төсөвт байгаагүй тул Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ байгуулсан юм байна.  Энэхүү гэрээ урт хугацаанд үргэлжилснээс болоод сурах бичгийн  хэвлэлт оройтсон гэдэг тайлбарыг л салбарын сайд хэлж буй.

УИХ, Засгийн газар музей, театр, түүхэн дурсгалт барилгуудыг нураахад хэдэн тэрбумаар нь төсөвлөж байгаа атлаа сурагчдын сурах бичиг хэвлэх мөнгийг ор тас танаж орхисон нь харамсалтай. Тодруулбал, Төв номын сан, Байгалийн түүхийн музей, УДЭТ, ДБЭТ зэрэг соёл, урлагийн байгууллагуудын одоогийн байрыг нураахад зориулж энэ жилийн улсын төсөвт 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ 12 тэрбум төгрөгийг түүх, өв соёлын дурсгалаа нурааж устгахад бус ирээдүй хойчийн хүүхэд багачуудынхаа сурах бичгийг хэвлэхэд зарцуулчих сэтгэл, ухаан өнөөгийн эрх баригчдад даанч байсангүй. Тиймээс аргаа барсан салбарын сайд нь олон улсын байгууллагаас 2.6 сая ширхэг сурах бичиг хэвлэх найман тэрбум төгрөгийн бадар барьж “царай алджээ”.

Азийн хөгжлийн банк манай Засгийн газрын энэ хүсэлтийг судалж, шийдэх, гэрээ байгуулах гэсээр зуныг барсан аж. Үүнд тэднийг буруутгах үндэслэл байхгүй. Гагцхүү хүүхэд багачуудаасаа сурах бичгийн мөнгө харамладаг ухамсар, сэтгэлгээ, ёс суртахуун дорой парламент, Засгийн газартаа л гомдохоос өөр яалтай. Эрх баригчид сурах бичиг хэвлэх мөнгө байхгүйдээ биш хүсээгүйдээ, үл тоосондоо, бүр тодруулбал өөрсдөд нь ашиггүй тул ийнхүү төсвийг нь бүрэн танаж орхисон гэж хардахаас өөр эрх мэдэл иргэдэд алга.

Сурах бичгийн тендер гэж жилийн жилд хэл ам дагуулж, хэвлэлийн компаниудын хэрүүлийн алим болж байдаг сэдэв. Энэ “алим”-наас лавхан хазах гэсэн улстөрчид ч бий. Сурах бичгийн агуулгаас эхлээд хэвлэлттэй холбоотой маргаан, будлианыг цаашид цэгцлэхгүй бол жилийн жилд хичээлийн шинэ жил эхлэхэд сурагчид гар хоосон суудаг жишиг тогтох вий. Аргаа барсан хүүхдүүд яамны сайтыг ухаж цахим хэлбэрээр хадгалагдсан сурах бичгүүдийг татаж авч байгаа ч тэдгээр нь бүрэн бус байхаас эхлээд хүүхэд бүр цахим орчинд ажиллах боломжгүй гэх зэрэг хүндрэл бэрхшээл ч гарч байгаа гэнэ. Гэтэл үүний нөгөө талд устгалд оруулах шинэ шахуу сурах бичгүүд машин машинаараа Улаанчулуутыг зорьж байгаа баримт жишээ олон. Сурах бичгийн агуулгыг ойр ойрхон өөрчилж, жил бүр дахин дахин хэвлэж, өмнөхийг нь устгалд оруулдаг энэ тогтолцоо нь аанай л “мөнгөний ажил”. ЕБС-т нэг ч хичээл зааж үзээгүй их, дээд сургуулийн багш нар тендер авч, сурах бичиг зохиож амташсан байдаг гэсэн шүүмжлэл ч бий. Хэвлэлийн компаниудын хувьд бол сурах бичгийн тендер гэдэг жил бүр саамширч байдаг саалийн үнээ л гэсэн үг. Хоёр гурван сая ширхэг ном хэвлэнэ гэдэг өөр ямар ч салбарт байхгүй том тендер.

Юутай ч энэ жилийн сурах бичгийн санхүүжилт оройтож шийдэгдсэн ч Азийн хөгжлийн банкны шийдвэр гарсан даруй хэвлэсэн бол өдийд сурагчдын гар дээр ирчихээр хугацаа өнгөрөөд байна. Тиймээс давхар давхар удааширч буйн шалтгаан сурах бичиг хэвлэх тендерээс болсон байж болзошгүй гэдэг удаахь хардалт төрж байна. Тийм биш бол сурах бичгүүдээ хурдан хэвлээд түгээх ёстой. Сайд нь ч, ажил хариуцсан мэргэжилтнүүд нь ч хүүхдүүдийн өмнө худалч болж харагдахаасаа ичих хэрэгтэй. Аравдугаар сард бүх сурагч сурах бичигтэй болно гэсэн үгэндээ хүрэхгүй бол Боловсролын сайд сурагчдынхаа өмнө “Далан худалч” болж харагдах нь тодорхой.