Засгийн газар соёл урлагийн зарим газруудын хуучирсан барилгыг нурааж шинээр барихаар төлөвлөсөн. Үүнийхээ дагуу 2020 оны төсвийн төсөлд Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ын барилгад 12 тэрбум төгрөг суулгасан. Гэвч олон нийтийн зүгээс түүх соёлын өв болсон барилгуудаа нураах гэлээ хэмээн шүүмжилсэн. Мөн АН-ын зүгээс үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тус намын УИХ дахь зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Улаанбаатар хотод 16 баганат барилга бий. Багана бол өрх гэрийн тулгуур болдог зүйл. Үүнийг бэлэгдэж Улаанбаатар хотын барилгуудыг баганатай барьсан. Тиймээс соёлын өв болсон баганат барилгуудыг нураахыг эсэргүүцэж байна. Эдгээр барилгыг хүчитгэж сайжруулах замаар засварлах боломжтой. Орчин үеийн гоё барилга барих нэрээр түүхийн өв соёлыг устгахыг эсэргүүцэнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ тухай тогтоолоо цуцлахыг шаардаж байна. Хэрэв цуцлахгүй бол Цэцэд хандана. Соёлын өв болсон барилгуудыг нурааж шинээр барилга барихад 546 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, ирэх оны төсөвт 138.9 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ мэтээр бодлогогүй, үр дүнгүй зарцуулалтуудыг хянах ёстой” гэсэн юм.

Дээрх шүмжлэлүүдтэй холбогдуулан салбарын яам нь энэхүү шийдвэрээсээ буцаж байгаа юм байна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллахдаа энэ талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “2020 оны төсвийн төсөлд Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ын барилгад 12 тэрбум төгрөг суулгасан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргад өнөөдөр санал хүргүүлэх тухай бичиг өгч байна. Энэ 12 тэрбум төгрөгийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын тулгамдсан асуудалд шилжүүлж өгөөч гэсэн саналыг хүргүүлж байна. Би энэ саналаа Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулна” гэлээ.