Туркийн нисэх хүчний онгоцууд Сирийн нутагт байсан курдын бүлэглэлд агаараас цохилт өгчээ. Цохилтын дүнд араб-курдын “Сирийн ардчилсан хүч” бүлэглэлийн хяналтад байсан хоёр гүүрийг устгасан байна.
Цохилт өгсний дараа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “Турк улс Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ” хэмээн мэдэгдэл хийжээ. Гүүр бөмбөгдсөнийгөө харин “Цаг үеийн арга хэмжээ байсан” гэсэн байна.
Турк улс Сирийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа явуулахад бэлэн болсон талаар Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өчигдөр мэдэгдэл хийсэн. Харин АНУ Туркийн энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп Хэрвээ Турк Сирийн нутагт цэргээ оруулах юм бол хариу арга хэмжээ авч, эдийн засгийг нь сүйрүүлэх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.
Туркийн дайралтын гол бай нь Сирийн хойд нутагт хяналтаа тогтоогоод буй Курдын зэвсэгт бүлэглэл юм. Тэд “Лалын улс” бүлэглэлийг дарах дайнд АНУ-ын нэг жигүүр болж тулалдсанаасаа хойш Вашингтоны дэмжлэгт орсон юм.