Монгол Улсын нэн ховор төрөл зүйл болох хүрэн баавгайтай холбоотой үүсээд байгаа асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодрууллаа.
-Баавгай иргэдийн суурьшлын бүс рүү халдсан талаарх мэдээлэл танайд хэзээ ирсэн бэ?
-Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар есдүгээр сарын 4-нд Хэнтий болон Сэлэнгэ аймгаас манай яаманд албан бичиг, мэдээлэл ирүүлсэн. Яамны зүгээс өчигдөр зөвлөмж, чиглэлийг аймгуудад хүргүүлсэн. Зөвлөмж, чиглэлд хүний эрүүл мэндэд аюул учирсан тохиолдолд буу хэрэглэж болно гэсэн байгаа. Түүнчлэн ганц, нэгээрээ амьдарч байгаа айлуудыг суурьшлын бүсээс холдуулах, нүүлгэх ажлыг хэрэгжүүлэхийг тусгасан. Сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, энэ сарын 5-нд хуралдан тодорхой зөвлөмж чиглэл албан даалгаврыг хүргүүлсэн. Хүрэн баавгай зуны сүүл намар самар жимсээр голлон хооллодог. Энэ жил манай орны хувьд самар, жимс хомсдолтой байгаа учраас ажлын хэсэн хуралдаад идэш, тэжээлийн хомсдолоос үүссэн гэж үзэж байгаа.
-Иргэдийн дунд сибирийн баавгай байсан гэх яриа үүссэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сибирийн баавгай юу монгол баавгай юу гэдгийг удаан хугацааны судалгааны дараа тогтооно. Гэхдээ ажлын хэсэг хуралдаад үүнийг идэш тэжээлийн хомсдолоос үүссэн монголын баавгай гэж үзсэн.
-Аймгуудаас ирсэн баавгайтай холбоотой мэдээлэлд юу гэсэн байсан бэ?
-“Баавгай айлуудын илүү гэр рүү дайрах, тэжээмэл амьтан идэх, туух, суурьшлын бүс рүү олноороо ирсэн тохиолдлууд гарлаа. Ийм тохиолдолд яах вэ, зөвлөмж чиглэл ирүүлээч” гэсэн байсан.
-Сэлэнгэ аймгийн Тамгын газраас баавгай агнах зөвшөөрөл өгсөн гэсэн. Магадгүй үүнтэй холбоотойгоор баавгайг олноор нь агнах вий гэсэн болгоомжлол байна. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа юу?
-Хүрэн баавгай өөрөө ховор амьтны төрөлд ордог учраас түүнийг буудах гэхээсээ илүү унтуулж байгальд нь тавих нь зүйтэй. Яалт ч үгүй хүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулах гэсэн тохиолдолд баавгайг буудах чиглэл өгсөн. Гэхдээ яг тийм тохиолдолд аймаг дээрээ ажиллаж шуурхай багийг дуудаж, газар дээр нь ажиллуулах юм. Ингэснээр хууль бус ангаас сэргийлж байгаа.
-Иргэд унтуулдаг эм, тариаг нь хаанаас авч хэрэглэж болох уу?
-Хөхтөн амьтныг унтуулах китамин гэж тариа бий. Китаминаас гадна олон төрлийн тариа байдаг ч Монголд оруулж ирэхийг хориглосон. Тиймээс ажлын хэсэг хуралдаад Мал эмнэлгийн ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт “Ийм эм тариаг эмийн жагсаалтад оруулж гаалиар оруулах асуудлыг шийдэж өгнө үү” гэж албан бичиг хүргүүлсэн.
-Баавгай хэдэн сард ичдэг вэ. Энэ асуудал хэдий болтол үргэлжлэх бол?
-Баавгай арваннэгдүгээр сард ичнэ. Ичэхээсээ өмнө идэш тэжээлээ цуглуулдаг ч тэрхүү нөөц самар, жимс нь хомс учраас ийм асуудал үүсээд байгаа. Дээрээс нь иргэд амьтны тархац нутагтай илүү ойр амьдарч байна гэсэн үг.
Том хөхтөн амьтанд биотехникийн арга хэмжээ авах хэцүү. Малын сэг зэм тавьж өгөхөөр эргэж ирэх магадлал ихэснэ. Ингэснээр иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ. Гэтэл аргал янгирт биотехникийн арга хэмжээ авч өвс, тэжээл тавьж өгч болдог.
-Сэлэнгэ аймагт гарсан баавгай хүний аминд халдсан тохиолдол гарсан. Амиа алдсан аав, хүү хоёрын нутаглаж байсан газар суурьшлын бүс байсан юм уу?
-Аравдугаар сарын 3-нд аав хүү хоёр баавгайд бариулсан байж болзошгүй гэсэн золгүй хэрэг гарсан. Одоогоор эцсийн байдлаар хариу гараагүй байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Манай яаман дээр тодорхой нэгдсэн мэдээлэл эцсийн байдлаар ирээгүй.
-Баавгайтай холбоотой хэчнээн аймгаас мэдээлэл ирсэн бэ?
-Сүүлийн сар гаруйн хугацаанд 6 аймгийн 9 суманд баавгай халдсан хэрэг гарсан. Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгэ аймгуудад баавгайтай холбоотой асуудлууд яригдаж байгаа. Өмнө жилүүдэд баавгай ганц нэгээрээ бууж ирэх тохиолдлууд гарч байсан. Энэ жил маш олноороо бууж ирсэн тохиолдол гарлаа.
-Монголд хэчнээн тоо, толгой хүрэн баавгай байдаг вэ?
-Хамгийн сүүлийн судалгаагаар буюу 3-5 жилийн өмнө 500 гаруй хүрэн баавгай байдаг гэсэн мэдээлэл бий.