Эдме Момежа хэмээх 22 настай франц бүсгүй тэмээгээр Монгол улс руу аялж явна. Тэрээр аянд гараад бараг 100 хонож байгаа бөгөөд одоо Польшийн нутагт явж байгаа аж.

Эдме Парисын нэгэн циркээс өнгөрсөн гуравдугаар сард 10 настай тэмээ худалдаж авчээ. Тэрээр тэмээгээ Аттика гэж нэрлэсэн байна. Улмаар тэмээгээ унан Монгол хүртэл аялахаар шийдэж, өнгөрсөн долдугаар сарын 4-нд замдаа гарсан аж.

Эдмегийн ярьснаар, тэмээгээр улс дамжин аялахад олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог нь аяллыг удаашруулж байгаа гэнэ. Заримдаа хил дээр зөвхөн энэ шалтгаанаар долоо хонох нь ч байдаг ажээ. Мөн байгаль хамгаалагчид аялалд нь төвөг учруулдаг байна.

Бусад аялагчдаас ялгаатай нь Эдме аяллаа дуусгах гэж төдий л яарахгүй байгаа. Энэ өвлийг гэхэд Польшид өнгөрүүлэхээршийдсэн. Харин бүрэн дуусгаж Монголд очиход таван жил ч шаардагдаж магадгүй гэж тэрээр Польшийн хэвлэлд ярьжээ.