Нобелийн ээлжит долоо хоног өнөөдөр анагаахын салбарын шагналтнуудыг зарласнаар эхэллээ. Энэ удаа Анагаахын Нобелийн хороо энэ жилийн шагналыг  эсийн хүчилтөрөгчид дасан зохицох талын судалгаа хийсэн  Уильям Кейлин, Питер Рэтклифф, Грэг Семенц нар хүртэж байгаагаа  зарлав.

“Эсүүд нь хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг мэдэрч тэдэнд дасан зохицдог гэсэн нээлтийнхээ төлөө эдгээр эрдэмтэд шагналыг авч байна” хэмээн Анагаахын Нобелийн хороо мэдээлэв.

Тэд хүчилтөрөгчийн янз бүрийн түвшний хариу болгон  игенийн идэвхийг зохицуулдаг моекулын механизмыг тогтоолоо гэж хорооны мэдэгдэлд онцолжээ.

ХХ зууны эхээр цусан дахь хүчилтөрөгчийн түвшний өөрчлөлтийг организм мэдэрдэг гэсэн ерөнхий ойлголт  байлаа. Хэрэв тэр нь бага байгаа бол тийм байдлыг гипокси гэдэг аж. Энэ үеэр эритропоэтин (EPO) гормоны нягтрал нэмэгдэн цусны улаан эсийг  боловсруулж эхэлнэ.  Гэхдээ энэ үйлдлийн молекулийн ба генетикийн механизм нь тодорхойгүй байлаа.

Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн Грег Семенза (Gregg Semenza) ба Оксфордын их сургуулийн Петер Ратклифф (Peter Ratcliffe) хоёр хүчилтөрөгчийн түвшинд эритропоэтин ялгаруулдаг бөөрний эсүүдээс гадна организмын бүх эсүүд мэдрэмжээ гаргадаг гэж тогтоов.

Грег Семенза 1991 - 2001 онуудад  индукцийн-үзэгдлийн хүчин зүйлийн   гипокси болон хүчилтөрөгчийн хамаарлаас гарах деградаци-өөрчлөлтийг  судлан тогтоожээ. Энэ бүгд нь  хүчилтөрөгчийн дутагдалтай эсийн хийж буй тэмцлийн молекулийн болон генетикийн механизмыг  ойлгоход тус боллоо.

Гипоксийн байдалд (hypoxia-inducible factor, HIF) идэвхиждэг  уургийг Семенза 1991 онд илрүүлэн нээжээ. Үүний зэрэгцээ олон тооны генийн ажиллагааг идэвхижүүлдэг  HIF-1 альфа гэсэн тусгай хүчин зүйлийг нээсэн байна. Одоо HIF-1a хүчин зүйл нөлөөлдөг зуу гаруй ген мэдэгдээд байгаа.  Хүчилтөрөгчийн түвшинг хянах нь маш чухал. Тэр нь  эсийн эрчим хүчний гол эх булаг юм. Ердийн нөхцөлд хүчилтөрөгч хангалтай бол эсэнд HIF-1a уураг бага. Тэр нь устдаг бөгөөд түүнийг хүчилтөрөгчийн хамаарлын эвдрэл буюу деградаци гэдэг.

Өмнөх судалгаагаар, HIF-1a  нь өөртөө убиквитин гэх уургийн жижиг хэсгийн  тэмдгийг авч явдаг нь тодорхой болсон юм. Тэр тэмдгээр нь эсэд хэрэггүй янз бүрийн молекулуудыг дахин боловсруулдаг уургийн цогцолбор болох протеасомыг таньдаг ажээ. Харин тэр тэмдэг хэрхэн үүсдэг нь огт мэдэгдэхгүй байлаа.

Түүний тайллыг Гиппель-Линдаугийн (von Hippel-Lindau, VHL) гэх удамшилын  өвчний асуудал болон хорт хавдрын талын мэргэжилтэн Америкийн эрдэмтэн Уильям Келин (William Kaelin) хийжээ. VHL ялгаруулдаг уураг л хүчил төрөгчийн ердийн нөхцөлд деградацийн үйлдлийг эхлүүлдэг байна.

Уильям Келин, Петер Ратклифф, Грег Семенза (зүүнээс баруун тийш)

Нобелийн эдгээр нээлтүүд нь хорт хавдрын эсрэг эм бүтээхэд туслана гэж шинжээчид хэлж байна. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар гипоксийн хүчин зүйл үйлчилгээгээ зогсоовол зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэл эрс нэмэгдэнэ. Тэр нь хөгширч буй организмд явагддаг. Ер нь хүмүүс гипоксийг муухан, дунд зэргээр даадаг. Учир нь тэдэнд  HIF чухал үүрэгтэй.

Семенза, Ратклифф, Келин нарын бүтээл  хорт хавдар ба зүрх судасны системийн өвчинтэй HIF-1a хүчин зүйлээр дамжуулан тэмцэх  бас нэг замыг нээж байна. Хэрэв хавдарт түүний синтезийг  унтраавал хорт хавдрын эсүүд хүчилтөрөгчийн дутагдлаар мөхөх юм. Зүрх судасны өвчинд харин эсрэгээр энэ  хүчин зүйлийн ялгаруулалтыг ихэсгэвэл эсүүдэд гипокситай тэмцэх боломжийг өгнө.

Өнгөрсөн онд Анагаахын Нобелийн шагналыг Жеймс Эллисон, Тасүкүю Хонзе нар  хорт хавдрын дархлааны эмчилгээний талаар хийсэн нээлтээрээ авч байлаа.

Анагаахын Нобелийг 1901 оноос хойш 109 удаа гардуулж, шагналыг 216 хүн авсан юм. Шагналтнуудын дундаж нас нь 58 бөгөөд хамгийн залуу шагналтан нь 1923 онд 32 насандаа инсулиныг нээсэн гэж Нобель хүртсэн Фредерик Бантинг болсон бол онкогенийн вирусийг нээсний төлөө 1966 онд шагналтан болсон 87 настай  Пейтен Роус  хамгийн хөгшинд нь тооцогддог.

Ойрын өдрүүдэд бусад номинацийн шагналтнуудыг зарлах юм. Тухайлбал аравдугаар сарын 8-нд Физикийн Нобелийн хороо, 9-нд Химийн Нобелийн хороо, 10-нд Утга зохиолын Нобелийн хороо шийдвэрээ танилцуулна. Аравдугаар сарын 11-нд Норвегийн нийслэл Осло хотноо Энх тайвны шагналтнууд тодорно. Альфред Нобелийн дурсгалд зориулан 1968 оноос хойш олгогдож байгаа Шведийн төв банкны эдийн засгийн шагналтнуудын аравдугаар сарын 14-нд зарлагдснаар Нобелийн долоо хоног дуусна.

Альфред Нобель (1833-1896)  өөрийн гэрээслэлд анагаахыг шагналтнуудыг тодруулах эрхийг 1810 онд байгуулаад одоо дэлхийн анагаахын боловсрол, шинжлэх ухааны гол төвүүдийн нэг болсон Стокгольмын Каролинийн их сургуульд өгчээ. Түүний дэргэд байгуулагдсан Нобелийн хорооны байнгын таван гишүүн нь өөрийн ээлжид шинжээчдийг урин зөвлөгөө авах эрхтэй. Нэр дэвшигчдийн талаар тодорхойлолт авах хугацаа нь энэ жилийн нэгдүгээр сарын 31-нд дуусан ба дараа нь тэднээс сонгон шалгаруулах ажиллагаа явагджээ.

2018, 2019 оны уран зохиолын Нобелийн шагналтан зэрэг тодорно

Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь уран зохиолын 2018 ба 2019 оны хоёр шагналтан шууд тодорхой болох явдал юм.

Энэ шагналын олгодог Шведийн  академи өнгөрсөн оны тавдугаар сард гишүүдийнх нь тоо  цөөрсөн учир  ялагчийг зарлахаа хойшлуулсан юм. Академийн гишүүн яруу найрагч Катарина Фростенсоны нөхөр бөгөөд соёлын нэртэй зүтгэлтэн Жан-Клод Арно олон тооны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр  мөрдөн байцаалт явагдсан дуулиан академийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, цөөн тооны гишүүний саналаар шагналтаныг тодруулах нь академийн нэр хүнд унасан нөхцөлд болж бүтэхгүй гэж Нобелийн хорооны мэдэгдэлд нь  өгүүлсэн байлаа.

Нобелийн шагнал гардуулах ёслол  ирэх арванхоёрдугаар сарын 10-нд буюу Нобель нас барсан өдрөөр Стокгольмын филармонийн танхимд болно. Цэцгээр чимэглэгдсэн түүний тайзанд Шведийн ван XVI Карл Густавын гараас шагналтнууд  Нобелийн хөрөгтэй алтан медаль, дипломыг гардан авна. Энэ онд номинаци бүрийг дагалдах мөнгө  өмнөх жилийнх шигээ 9 сая крон (өнөөгийн ханшаар 914,5 мянган ам.доллар байх юм).  Энэ жилд швед мөнгөний ханш суларсан учир  түүнийг доллараар тооцоход багасчээ.