Английн хөлбөмбөгийн Премьер лигийн наймдугаар тойрогт “Ливерпүүл” “Лестер”-ийг Садьо Манегийн 95 дахь минутад оруулсан гоолын ачаар 2:1-ээр хожсон билээ. “Копууд”-ын гол өрсөлдөгч, өнгөрсөн улирлын аварга “Манчестер сити” энэ тойрогт “Вулверхэмптон”-д 0:2-оор хожигдсон тул хоёр багийн онооны зөрүү найм болж, түүхэнд үлдэх тохиолдлыг бий болголоо.

Тэргүүлэгч баг эхний найман тойргийн дараа арын багаасаа найман оноогоор тасарч байсан удаа лигийн түүхэнд байгаагүй ажээ.

“Ливерпүүл” "тасархай" байгааг батлах баримтууд

-Лигийн эхний найман тойрогт найм хожсон. Энэ нь багийн түүхэн дэх дээд амжилт. Тэд хамгийн сүүлд 1990-1991 оны улирлын эхний найман тоглолтод хожиж байсан бөгөөд эцсийн дүндээ “Арсенал”-ын дараа хоёрт оржээ.

-Дараагийн тойрогт хожвол “Челси”-гийн дээд амжилттай зэрэгцэнэ. 2005-2006 оны улирлын эхэнд Ж.Моуриньогийн баг ес дараалж хожиж байв.

-Өнгөрсөн улирлын сүүл хэсгийг оруулж тооцвол Ю.Клоппын багийн хожлын цуврал 17 болоод байна. Үүнээс илүү амжилттай баг Европт хоёр л байдаг нь 2017 оны “Манчестер сити”, 2014 оны “Бавари” юм.

-34 гоол. “Ливерпүүл” нэмэлт цагт төдий тооны хожлын гоол оруулсан нь бусад багуудаас дор хаяж есөөр илүү байна. Эдгээр 34-ийн наймыг Ю.Клоппын үед оруулжээ. Тэд мөн дөрвөн тоглолтод нэмэлт цагт гоол оруулан тэнцүүлж байсан аж.

Харин “Манчестер сити” зуны наймаанд 1512 сая паунд зарлагадсан ч Пепийн эриний хамгийн муу гараагаа хийж явна.