УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор хоёр сонголт бий болж байна.
Нэгдүгээрт, 73 дугаар тогтоолоо өөрчлөөд ард нийтийн санал асуулга явуулах хувилбар.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө гуравдугаар хэлэлцүүлгээр батлах. Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт МАН-аас тав, АН-аас гурван гишүүн бий. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ШИНЭ намын дарга Ж.Батзандан байгаа. Манай намын бүлэг зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж шийдэл гаргах нь зүйтэй гэж үзсэн.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёрдугаар асуудлын тухайд сайжруулсан түлшнээс болж иргэд нас барсантай холбоотойгоор Шадар сайдаас мэдээлэл авлаа. Ийм зүйл болсонд бүлгийнхээ гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Уг асуудлаар яаралтай дүгнэлт гаргаж, тодорхой шийдвэр гаргах нь зөв гэж үзэж байгаа. Буруутай хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Энэ асуудлаар Засгийн газраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Шинжилгээнд хамруулсан сайжруулсан түлшний хариу эерэг гарсан гэж байгаа. Гэхдээ олон улсад шинжлүүлэх нь зүйтэй гэдгийг гишүүд хэлсэн” гэлээ.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэзээ цааш нь үргэлжлүүлье гэж төлөвлөж байна вэ?
-Хэрэв 73 дугаар тогтоолдоо өөрчлөлт оруулаад явбал ард нийтийн санал асуулга явуулна. Гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар болсон тохиолдолд хоёрдугаар хэлэлцүүлгээ задална. Зөвшилцөл хэрхэн явагдахаас бүх зүйл шалтгаална. 73 дугаар тогтоолдоо өөрчлөлт оруулаад дахин ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсны дараа УИХ өөр зүйл хэлэлцэж болно. Мөн гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар болсон тохиолдолд түүнээс өмнө өөр асуудал хэлэлцэхгүй. Гэхдээ хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн голоор хуулиар заасан хугацаатай асуудал хэлэлцэж болно. Тухайлбал, төсвөө хэлэлцэх боломжтой гэсэн үг.
-Зөвшилцөх ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ?
-Ажлын хэсгийг би ахалж байгаа.
-Танай намын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр сууриа хадгалж байгаа юу?
-Манай намын бүлгийн байр суурь хэвээрээ байгаа. Гэхдээ зөвшилцөх шаардлагатай байна. Зөвшилцөх үүднээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан гэж ойлгож байгаа.