"Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг ЮНЕСКО-гийн тайзнаа толилуулна

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУСЯ, ГХЯ, СУИС-тай хамтран "Хөмөргөн гурвалжин" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг аравдугаар сарын 25-ны өдөр, "The Decoding" үзэсгэлэнг аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд, мөн "Монгол ба бүс нутгийн хадны соёл" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг аравдугаар сарын 25-ны өдөр тус тус Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулахаар болжээ.

“Хөмөргөн гурвалжин” нь 2016 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм. “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын  бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн байна. Мөн Б.Нандин-Эрдэнэ медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүр бүтээсэн бүжгэн жүжиг ийнхүү дэлхийд танигдах урилга авчээ. Бүжгэн жүжгийг үзэхүй эртний  харын хартай бөө нарын эрх сүр хэтийдэж, овгийн гэмгүй олныг хилсдүүлж байсан цаг үед хам олноороо эв эеэ нэгтгэж буйг өгүүлнэ. Тэр эрт цагийнхны төсөөллөөр орой зулайд оршдог тэнгэрийн сүнс буюу оюуны сүнсийг нь дахин сэргээхгүйн төлөө зан үйлийн бүжиг, дохио зангаагаар толгойг нь уруу харуулан оршуулдаг байсан эртний зан заншлыг голлон харуулжээ. Энэ бүжгэн жүжгийг бүтээхдээ археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосон зүйлсийг  бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм гэж зохиогч, доктор С.Дулам онцолсон байдаг.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)