“Үндэстний ТОЙМ” сэтгүүл шинэ улирлын эхний дугаартаа энэ намар төдийгүй ирэх жилийн улс төрийн гол сэдэв, улстөрчдийн гол хөзөр болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг онцлон авч үзлээ. Манай тоймч онцлох нийтлэлдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн шатанд тулгараад буй асуудлын шалтгаан, цаашдын үр дагаврыг хөндөн бичжээ. УИХ зуны гурван сарын турш тасралтгүй хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл эхнээсээ мордохын хазгай гэгч болж олон бэрхшээлтэй тулгарсан, цаашдаа ч олон бэрхшээл хүлээж байгаа тухай энэхүү нийтлэлээс унших боломжтой юм.

Тоймч Х.Батсайхан Монгол, Энэтхэгийн харилцааны өнөөгийн байдлын тухай тойм бичсэн бол төсвийн гол “саалийн үнээ” болох 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тасалдах нь ойлгомжтой болсон талаар сэтгүүлч Б.Болор-Эрдэнэ хөндлөө.

Нийтлэлч У.Бямбанямын бичсэн “Хөг эгшгийн Доминикус” нийтлэлээс энэ онд мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож буй хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн талаарх сонирхолтой хөрөг нийтлэл, 30 жилийн ойдоо зориулсан тоглолтдоо бэлтгэж буй “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн дэлгэрэнгүй ярилцлагыг унших боломжтой. Монголын амьд хөгжмийн домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ сард болно. Гурван аравны тэртээ анхны тоглолтоо хийж байсан тэр л бүрэлдэхүүнээрээ өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндсүрэнгийн Энхманлайг “Үндэстний ТОЙМ” сэтгүүл онцлох зочноороо урьж ярилцлаа.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ улирлын шинэ дугаартаа ийнхүү энэ намрын топ сэдвүүдийг хөндлөө.