Нэг тонн нүүрснээс 3500 төгрөгийн алдагдал хүлээж байна

Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна. Монгол Улсын нүүрсний нийт хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 1-ний байдлаар 90.9 хувьтай үргэлжилж байгаа бол Шивээ-Овоогийн уурхайн хувьд 86 хувьтай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дулааны цахилгаан станцууд нүүрсний төлбөр дутуу хийснээс үүдэн санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн гэдгийг уурхайн удирдлагууд хэлж байна. Тодруулбал, дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 3.02 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхай 4.1 тэрбум төгрөгийн авлагатай байна.

Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээс зайлсхийж төрөөс Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний үнийг хатуу барьсаар ирсэн. Ингэснээр дээрх уурхайнууд нүүрсний тонн тутамдаа алдагдал хүлээсээр байгаа юм. “Багануур”-ын нэг тонн нүүрсний өөрийн өртөг 37000 төгрөг. Харин ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 33500 төгрөгөөр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 3500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Харин Шивээ-Овоогийн уурхайн хувьд нэг тонн нүүрснээс 1900 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тус уурхайн нэг тонн нүүрсний өөрийн өртөг 31500 төгрөг бөгөөд ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 29600 төгрөгөөр нийлүүлдэг.

Дашрамд дурдахад, Багануурын уурхай ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дархан, Эрдэнэт, Амгалан, Налайх болон Багануурын дулаан болон цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр хангадаг. Харин Шивээ-Овоогийн уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн уурхайд эрчим хүчний нүүрс нийлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

    0 0 Хариу бичих