10 хүртэлх насны хүүхдэд утас, зурагт олон цагаар үзүүлэхгүй байхыг санууллаа
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хараа муудах тохиолдолд нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Үүнд компьютер, ухаалаг утас нөлөөлж байгаа аж. Түүнчлэн гадаа тоглохоо болиод, дэлгэцийн хамааралтай болсон нь хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлж байгааг эмч нар хэлж байна.
Хүүхэд төрөхдөө гэрэл мэдрэх хараатай төрдөг. 2-4 сартайгаас эхлэн тогтоож харах, нийлүүлж харах процесс аажимдаа хөгжиж эхэлдэг. Ингээд 5-6 настайд нийт харааны 70-80 хувь тогтдог. Гэтэл яг харааны чадвар хөгжиж байх энэ насанд нь ухаалаг утас таблет хэрэглүүлэх, нэн ялангуяа удаан хугацаанд дэлгэц харуулах нь маш их хор нөлөөтэйг эмч нар хэлж байна.
Зургаан сар тутам нүдээ үзүүлж байхыг зөвлөж байна

АШУҮИС-ийн нүд судлалын тэнхимийн багш Б.Өнөдэлэг “Харааны болон нүдний эмгэгүүд ихсэх хандлагатай байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд 6 сараас нэг жилийн хугацаатай тогтмол нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай. Монгол Улсын бүх дүүрэг 21 аймагт нүдний эмч ажилладаг. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж байгаарай гэж зөвлөе”

Хүүхдийн харааг хамгаалах нь зөвхөн нүдний эмч нарын ажил биш. Нийтийг хамарсан, нийгмийн асуудал. Үүнд эцэг, эхийн оролцоо чухал. Аливаа нүдний өвчин хараа муудах байдлаар илэрдэг. Гэтэл бага насны хүүхэд хараагаа муудаж байгааг мэддэггүй. Тиймээс багад нь, сургуульд орохоос нь өмнө хүүхдээ нүдний эмчид үзүүлэхгүй бол энэ нь цаашлаад хараа сулрах, улмаар сохролд хүргэх, эмчлэхэд хүндрэл учруулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд “Дэлхий нийтээрээ хараагүй болох, хараа муудах шалтгаанууд ихээр нэмэгдсэн. Энэ нь улс орны болон техник технологийн хөгжлөөс шалтгаалан сул хараатай болох шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа”
Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянга гаруй иргэн байдаг. Сүүлийн жилүүдэд харааны бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж, залуужих хандлага ажиглагджээ. Тиймээс хүүхдийнхээ нүдэнд анхаарлаа хандуулж, эмчид тогтмол үзүүлж байхыг эмч нар зөвлөлөө.