2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд Монголын шигшээ баг Японы талбайд энэ сарын 10-нд тоглоно.
Урьдчилсан шатны "F" хэсэгт багтсан Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багийг 1:0 харьцаагаар хожиж, Тажикстаны шигшээ багт 0:1 харьцаагаар хожигдсон. Харин Японы шигшээ баг өмнөх тоглолтдоо Мьянмарыг 2:0 харьцаагаар буулган авсан юм. Японы багтай түүхэндээ анх удаа тоглох гэж буй үндэсний шигшээ баг анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд шалгарсан.

Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Японы “Киото Санга” клубийг удирдаж байсан Герман мэргэжилтэн Майкл Вайсс ажилладаг. Тэрээр “Киота Санга” клубийн хамт 2002 онд 82 дахь удаагийн “Эзэн хааны цом” тэмцээнд түрүүлж байсан туршлагатай. Түүний багт Дайсукэ Мацуи, Парк Жи Сунг зэрэг шилдэг тоглогчид тоглодог байв.
Японы шигшээ дэлхийн чансааны 31-р байранд бичигддэг ба дөрвөн удаагийн Азийн аварга, ДАШТ-ий шөвгийн 16-д гурван удаа үлдсэн хүчирхэг баг юм. Харин Монголын шигшээ баг дэлхийн чансаагаар 152 орноор хойно буюу 183-р байранд бичигддэг.
Японы Сайтама цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тасалбарыг цахимд 62-111 ам.долларын (165-300 мянган төгрөг) үнээр худалдаалж байгаа аж.
