Нэрт найруулагч Люк Бессоныг хүчингийн хэрэгт буруутган шалгаж байна. “Ле Париесен“ сонинд энэ талаар мэдээллээ. Жүжигчин Санд ван Рой нэрт найруулагчид хүчирхийлүүлсэн хэмээн өргөдөл гаргасныг Парисын Прокурорын газар “Нотлох баримт хангалтгүй” гэсэн шалтгаанаар өнгөрсөн тавдугаар сард хаасан юм байна. Харин хохирогчийн өмгөөлөгчийн ярьснаар бол хэргийг энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр сэргээжээ.

Бельгийн жүжигчин Санд ван Рой нь Люк Бессоны найруулсан “Такси 5”, “Валериан ба мянган гаригийн хот” кинонд тоглосон юм байна. С.ван Ройгийн баталж байгаагаар Люк Бессон түүнийг киноноос хасна хэмээн сүрдүүлж, 2016 оны гуравдугаар сараас 2018 оны тавдугаар сарын хооронд дөрвөн удаа хүчирхийлсэн гэнэ. Энэ хугацаанд хэвлэлийнхэн түүнийг Люк Бессоны амраг бүсгүй хэмээн бичдэг байж. Л.Бессон ч энэ тодорхойлолтыг үгүйсгэдэггүй байсан бөгөөд эдүгээ хүчингийн хэргийг эрс үгүйсгэж байгаа ажээ.
