Бөмбөгөр худалдааны төвийн гүүрэн гүүрэн гарцад дахин 100 сая төгрөгийн засвар шаардлагатай
Таван жилийн өмнө Улаанбаатар хот цахилгаан шаттай анхны гүүрэн гарцаа ашиглалтад оруулсан. 700 орчим сая төгрөгийн өртгөөр боссон Бөмбөгөр худалдааны төвийн гүүрэн гүүрэн гарцад дахин 100 сая төгрөгийн засвар шаардлагатай болжээ. Чанарын шаардлага хангахгүй болсон гүүрэн гарцын цахилгаан шат нь мөн ажиллах боломжгүй болж НМХГ-аас акт тавиад байгаа юм. Учир нь хоёр лифтний цахилгааныг хоёр өөр эх үүсвэрээс авах шаардлагатай байтал нэг газраас цахилгааны тэжээл авсан нь эрсдэл дагуулжээ.

“Улаанбаатар лифт” НӨҮГ-ын ерөнхий инженер Н.Мөнхбаяр “Гүүрэн гарцын цахилгаан шатны байгууламжид дандаа ус, бороо ордог, хүйтний улиралд кабель, товчлуурууд нь хагардаг. Энгийн орон сууцанд байрладаг лифтнээс 2-3 дахин илүү хурдтайгаар элэгдэл үүсдэг" хэмээв.
2020 оны дөрөвдүгээр сар хүртэл бөмбөрийн гүүрэн гарцын лифт ажиллахгүй. Шаардлагатай засвар үйлчилгээний төсөв батлагдвал дээрх хугацаанд засварлаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ашиглалтад орсон цагаасаа л хэвийн ажиллаагүй гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Улаанбаатар хотод нийт 5 гүүрэн гарц бий. Үүний 4 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй гээд зорилтод бүлгийнхэн зорчих зориулалттай цахилгаан шаттай. Гэхдээ цахилгаан шат нь дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 09:00-18:00 цагийн хооронд л ажилладаг. Учир нь гүүрэн гарцын цахилгаан шат +5 хэмээс доош цаг уурын нөхцөлд ажиллах боломжгүй. Мөн ажиллаж байгаа хугацаанд нь цагийг нь сунгаж шөнө ажиллуулах боломжтой ч лифтийг ажиллуулж байгаа иргэний цалин, мөн лифтний цахилгааны мөнгө төсөвт багтаагүй учир тодорхой цагт ажиллуулдаг байна.
Гүүрэн гарцын техникийн үйлчилгээнд жилд 230 сая төгрөг төсөвлөдөг

НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра “Хуучин баригдсан явган хүнд зориулагдсан гүүрэн гарцуудын лифтийг өвлийн цагт буюу -30 хэмийн хүйтэнд ажиллах боломжийг бүрдүүлэх мөн дулааны улиралд +30 хэмд ажиллах судалгаа хийе гэсэн. Үүний дагуу Захирагчийн ажлын алба болон манайхаас холбогдох судалгаануудыг гаргаж өгсөн” гэв.
Гүүрэн гарцтай холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Шат нь л гэхэд хэт өндөр огцом байгаа нь хөл гараа гэмтээх эрсдэлтэйг ч иргэд хэлж байна. Түүнчлэн 100 айлын гүүрэн гарцын шат дагуулж хийсэн хийсэн налуу зам нь тэргэнцэртэй иргэн явах боломжгүй хийгджээ.

Нэг гүүрэн гарцыг дунджаар 700-950 сая төгрөгөөр бүтээн байгуулдаг. Үүн дээр нэмээд жилд техник үйлчилгээнд 230 сая төгрөг зарцуулдаг байна. Техник үйлчилгээний төсөв цахилгаан шат болон бусад засвар үйлчилгээнд хүрэлцдэггүй учраас энэ жил л гэхэд 23 сая төгрөгөөр гурван гүүрэн гарцын зургаан цахилгаан шатыг засварлаж, ажиллуулжээ. Энэ мэт байдлаар хэдэн саяар нь мөнгө зарлагаддаг ч иргэд зорчих нөхцөл байдал энхэл донхол хэвээр байна.





