Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдаж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өмнө нь дээрх хуулиудад өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар өөрчилсөн гэсэн маргаан сүүлийн үед их гарч байгаа. Эрх баригч намын гишүүд үүнд нэг нэгнээ буруутгасан байр суурь илэрхийлсээр ирсэн. Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэгдэж байгаа хүмүүс бүгд оролцож, анх удаа энэ асуудлаар өөд өөдөөсөө харж суугаад буруу, зөвөө хэлэлцлээ. Энэ утгаараа Байнгын хорооны хурал шүүх хурал мэт болов. “Шүүх” гэм буруутай этгээдийг олж тогтоосон эсэхийг “шүүх хуралд” оролцсон дараах хүмүүсийн байр сууриас харна уу.
Ш.Раднаасэд: -2017 оны дөрөвдүгээр сарын 16-нд Төрийн ордны 334 дүгээр өрөөнд ажлын хэсэг хуралдахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал боловсруулсан уу, үгүй юү. Үүнийг олон нийтэд хэлж өгөхгүй бол энэ бүхний цаана тухайн үед Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Раднаасэд байгаа гэдэг. Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан Х.Нямбаатар би үхэхээр чи үх гээд “Үүнийг чинь Ш.Раднаасэд хийсэн юм. Алга дарам цаасаар хүн хуурахгүй” гэж ярьсан. Би УИХ-ын Тамгын газраас бүх тэмдэглэл, соронзон бичлэгийг нь гаргуулж авсан. Би анхны хэлэлцүүлгийг нь хийх үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-ыг өөрчилсөн. 31.13 бол мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой заалт. Мөрдөн байцаалт нэрээр олон хүнийг цагдаагийн байгууллага удаан хугацаагаар үүдэнд зогсоож тамладаг байдлыг багасгах, мөрдөн байцаагчдыг хариуцлагатай богино хугацаанд хурдан шуурхай ажиллуулахын тулд энэ өөрчлөлтийг хийсэн. Гэтэл энэ өөрчлөлтийг үндэслээд заавал материаллаг хуульд өөрчлөлт оруулахгүй бол хэрэгжихгүй гээд Эрүүгийн хуулийн 1.10 буюу хөөн хэлэлцэх хугацааг богиносгох өөрчлөлтийг боловсруулсан. Харин одоо энэ төсөл дээр 31.13-ыг өөрчилсөн заалт орж ирээгүй байна. Ажлын хэсгийнхэн “Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол ямар ч ашиггүй зохицуулалт болно” гэж ярьж байгаад өөрчлөлт оруулсан. Ажлын хэсэгт хэн хэн байсан бэ гэвэл, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Эрхэсхулан, Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, Б.Баасандорж нар байсан. Х.Батсүрэн шүүгчээс нэг зүйл асууя. Хөөн хэлэлцэх хугацаатай шүүхийн шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж гаргадаг юм уу, Эрүүгийн хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг юм уу. Хэрэв Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг юм бол миний буруу.
Х.Батцэрэн (Дээд шүүхийн шүүгч): -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хязгаарлалт тогтоодог гурван тохиолдол байдаг юм. Нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдсэнээс хойш ямар хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэх вэ гэдэг эхний асуудал. Хоёрдугаарт, нэгэнт эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан бол ямар хугацааны дотор мөрдөн шалгаад шүүх шийдвэрээ гаргах вэ гэдэг хоёр дахь хугацаа. Гуравдугаарт, шүүх шийдвэрээ гаргаснаас хойш ямар хугацаа өнгөрвөл энэ шийдвэрийг биелүүлж болохгүй вэ гэдэг хугацаа.
2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-т заасан мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг дээр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш мөрдөн байцаалтын хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй хүний эрх хязгаарлагдах байвал удаан үргэлжилбэл яах вэ. Энэ асуудлыг хуулиар зохицуулж болох уу гэдгийг тодруулсан юм. Энэ бол Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй асуудал. Энэ бол цэвэр мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой асуудал.
Би 2017 оны дөрөвдүгээр сарын 15, 16-нд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй.
Б.Бат-Орших (Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга): -Тухайн өдөр ажлын хэсгийн хурал дээр яг юу яригдаж байсныг нарийн санахгүй байна. Ш.Раднаасэд гишүүнд тэмдэглэл байгаа бол уншаад сонсгож болох уу. Ажлын хэсэг дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах үед Эрүүгийн хуультайгаа уялдах ёстой гэдэг зүйл яригдсан.
Ц.Нямдорж: -Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тогтоодог. 12 хүртлэх жилийн ялтай хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа нь дээд тал нь 12 жил байна гээд заачихдаг. Энэ 12 жилийн хугацааг хууль, шүүхийн байгууллага яаж шийдэхийг процессын хуульд заадаг юм. Ш.Раднаасэд гишүүний асуугаад байгаа Эрүүгийн хуулийн 1.10-ын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт. Үүнийг өөрчлөх шаардлага байхгүй. Яагаа гэвэл, Эрүүгийн хуульд дээд тал нь 12 жил гээд заачихсан байгаа. Гол маргаан бол гэмт хэргийн ангилалыг байхгүй болгосонтой холбоотой. Хөөн хэлэлцэх хугацааг нь гэмт хэргийн ангилалаар авч үзэх гэхээр Эрүүгийн хуулийн бүх заалтыг хөндөх шаарлагатай болох гээд байгаа юм.
Ш.Раднаасэд: -Б.Бат-Орших прокуророо, Эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн заалт хууль батлагдсанаас хойш дангаараа тогтоолтой хамт батлагдсан. Үүнийг санаж байна уу. 2017 оны дөрөвдүгээр сарын 15, 16-ны даваа, мягмар гаригт ажлын хэсэг хуралдаад 17-нд Байнгын хороогоор хэлэлцүүлсэн юм. “Би одоо санахгүй байна. Тэмдэглэл нь байвал уншаад өгөөч” гээд байх юм. Ажлын хэсгийн хурал болж 1.10 дугаар заалтыг өөрчилсөн юм уу, үгүй юм уу гэдгийг л хэлээд өгчих. Тэр нь л хамгийн чухал байна.
Б.Бат-Орших: -Ажлын хэсгийн тэмдэглэлийг харлаа. Процессын хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт орсон ч Эрүүгийн хууль буюу материаллаг хуулийг дагаж зохицуулагдах учраас хоорондын уялдаа холбоог хангах тухай асуудал ажлын хэсгийн хурлын үеэр яригдсан байна.
Ш.Раднаасэд: -Ажлын хэсэг хуралдаж Эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн гэдгээ хэллээ. 31.13 буюу мөрдөн байцаалтын хугацаанд оруулсан өөрчлөлтийг улбаалж Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлыг ажлын хэсэг хийсэн болохоо өөрсдөө ярьж байна, Х.Нямбаатар дарга аа. Гэтэл Ц.Нямдорж сайдын оруулж ирж байгаа төсөл дээр 31.13-ыг хөндөөгүй хэрнээ материаллаг хуулийнхаа хөөн хэлэлцэх хугацааг хөндчихсөн байна.
Ц.Нямдорж: -Х.Тэмүүжингийн батлуулсан Эрүүгийн хуулийн 1.10-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэсэн заалт байсан. Сүүлд өөрчлөлт оруулахдаа яллагдагчаар татах гэдэг үгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг үгээр сольчихсон. Өөр ямар ч өөрчлөлт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь бол Х.Тэмүүжингийн батлуулсан хуульд зааснаараа байгаа. Нэг, найм, 12, 20 жил гэсэн хугацаа бий. Процессын хуулиар чинь 1.2, 1.5-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг байгаа. Тэр бол Эрүүгийн хуулийн 1.10-т заасан нэг, найм, 12, 20 жилийн хугацаа өнгөрсөн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт. Энэ өөрчлөлт чинь буруу. Үүнийг хийсэн эзэд нь өөдөөс хараад сууж байна. Х.Батсүрэн, Б.Бат-Орших нар. Эднээс гадна Хууль зүйн сайд байсан С.Бямбацогт, дэд сайд байсан Б.Энхбаяр, ажлын хэсгийн ахлагч гээд хүмүүсийн нэр хурлын тэмдэглэл дээр бичигдээд үлдсэн байна. Одоо хэн нэгэн рүү битгий бухаарай. Үүний цаана юм будилуулах сонирхол байсан байхыг үгүйсгэхгүй. Яллагдагчаар татсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэдэг чинь цаашаа шүүх хүртэл ямар ч хугацаанд хэргийг хөөн хэлэлцэж болно гэсэн зохицуулалт. Үүнийг та нар будилуулсан. Хэрэв хувийн сонирхолтой байсан бол та нарыг бүгдийг чинь шалгах хэрэгтэй.
Х.Нямбаатар: -За юу л болоод байна даа. Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож өөрсдөө санал өгч баталчихаад одоо болохоор шалгадаг газар нь шалгуулъя гэж байна. Ийм утгагүй улс төр хийдгээ боль, Ц.Нямдорж сайдаа. 20, 30 жилийн турш би бүгдийг мэдэж байгаа гэдгээ боль.
Ц.Нямдорж: -Энэ бол яг чиний хийсэн будилаан.
Х.Нямбаатар: -Материаллаг хууль, процессын хууль хоорондоо уялдаагүй явагддаг гэж ярьдаг Хууль зүйн сайдтай байгаадаа би үнэхээр гутарч байна. Энэ хоёр чинь өөр хоорондоо уялдаж ажилладаг юм.
Ц.Нямдорж: -Одоо хийсэн ажил чинь тодорхой болж байна.
Ш.Раднаасэд: -Ц.Нямдорж сайд үүнийг хийсэн эзэд нь гарч ирлээ гэж хэлж байна. Ажлын хэсэг үүнийг хийсэн гэдгийг Б.Бат-Орших прокурор хэллээ, Х.Нямбаатар дарга ч хэллээ. Хөөн хэлэлцэх хугацаан дээр одоо цэг тавъя. Энэ хугацааг наашлуулж цаашлуулсан хүмүүс нь ажлын хэсгийн гишүүд гэдэг нь тодорхой болж байна. Одоо үүнийг Раднаасэд хийсэн гэж битгий худлаа яриарай. Би үхэхээр чи гэдэг байдлаар битгий асуудалд ханд.
Б.Пүрэвдорж: -Хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсныг таван жил болгосон хүмүүс бүгдээрээ энд сууж байна. Ш.Раднаасэд Байнгын хорооны дарга байсан. Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалсан. Энд байгаа УИХ-ын гишүүд дэмжиж санал өгсөн. Ц.Нямдорж сайд та энэ хуульд гарын үсгээ зурсан. Бүгд буруутай. “Би хамаагүй” гэж ярьдгаа болих хэрэгтэй. Би хүн гүтгэдэггүй. Баримттай ярьдаг. Би олон удаа эсэргүүцэж үгээ хэлж байсан. Энэ хуулиас болж олон хүн гэмт хэргээс мултарч байгаа. Хууль, шүүхийн байгууллагын хүмүүс цаг хугацаа, хөрөнгө, хүчээ зарцуулан байж илрүүлсэн хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байгаа. Одоо энэ хуулийг зассан ч гэсэн хууль буцаж үйлчилнэ гэж байхгүй. Буцаж үйлчлэх заалт орно гэж байгаа. Гэвч шүүх түүнийг хэрэглэхгүй ш дээ. Би та нарыг хоорондоо юм яриасай гэж хүссэн учраас ширээ нүдэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Та нар өнөөдөр бүгдээрээ хоорондоо хэрэлдэж, бие бие рүүгээ буруугаа чихэж байгаа биз дээ. Энэ өөрчлөлтийг санаатай хийсэн гэж ярьдаг юм билээ. Ялангуяа хуульчид. Тэр Б.Энхбаяр чинь та хэдээс гайгүй залуу байна лээ. Харин өнөөдөр та нар УИХ-ын гишүүнийхээ индэрийг ашиглаа зүгээр гудамжинд явж байгаа хүнийг муулаад байх шиг байна. Өөрсдөө асуудалтай хүмүүс ш дээ, та нар.
Х.Нямбаатар: -Өргөн барьсан төсөл дээр бидний маргаад байгаа зохицуулалтыг өөрчилж оруулж ирсэн байна. 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагч, шүүгэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс тогтоож уг этгээд баригдсан, эсвэл өөрөө хэргээ илчилсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж оруулж ирсэн байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-ын мөрдөн байцаалтын хугацаа гэдэг дээр “Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10.1-т заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.10.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль зөрчөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэчихээд процессын хууль дээр болохоор мөрдөн байцаалтын шатанд буюу яллагдагчаар татсан этгээдийн Эрүүгийн хуульд заасан хугацаа дуусвал хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэж байна. Энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөөд байна. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлтийн хугацаанд л хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байгаа юм. Гэтэл нөгөө талд нь мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэлтийн хугацаанд заасан хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгох зөрчилтэй хоёр заалт орж ирсэн байна шүү. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд анхаарч өөрчлөхгүй бол дахиад олон хүн ял завших вий. Нэгэнт л Эрүүгийн хуулийн 1.10 дугаар заалтаа өөрчилж байгаа бол түүнтэйгээ ижил зохицуулалттай болохгүй бол алийг нь дагаж шийдвэр гаргах нь тодорхойгүй зөрчилтэй хууль болно.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаан эрүүгийн эрх зүйн хөөн хэлэлцэх хугацааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүмүүс анхаарч үзмээр тал талаасаа олон санаа, таамаг дэвшүүлсэн хурал боллоо.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү Засгийн газраас өргөн барьсан багц хуулийн төслийн агуулгыг хэлэлцэхээсээ илүү өмнө нь хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэн өөрчилсөн бэ гэдгийг олж тогтоох зорилго агуулсан мэт хурал болсон юм. Эцэст нь, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.