БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр үргэлжилж байна. Мао Зэдун 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Бээжинд БНХАУ-ыг зарлан тунхагласнаас хойш 70 жил өнгөрчээ. ЗХУ болон түүний нөлөөний бүсэд коммунизм төдий хугацаанд оршин тогтноод нуран унасан. Тэд бүгд дор бүрнээ Коммунист хөгжлийн зам гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин БНХАУ капиталист, коммунист хоёр сургаалийг хослуулан хоёр зууны зааг дээр дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг цогцлоосноороо үзэгдэл болж байна.
БНХАУ-ын үсрэнгүй хөгжлийн нууц нь нам төвтэй улс төрийн тогтолцоо, удирдлагын тогтвортой байдал, ухаалаг, оновчтой төлөвлөгөө, түүнийг чанд биелүүлэх чадварт нь оршиж байна. Хятадын Коммунист нам хэмээх “Хүчирхэг машин“ төлөвлөгөөгөө таван жилээр гаргаж, зорилтоо тодорхойлон, чанд биелүүлсээр өнөө үетэй золгожээ.
Уржнан жил Хятадын Коммунист намын ээлжит XIX их хурал Бээжин хотноо болсон. Үүнтэй хамт Хятад улс түүхийнхээ хамгийн сонирхолтой үе рүүгээ хөл тавьсан гэж хэлж болно. Ингэж дүгнэх шалтгаан бий.
Ши Жиньпиний эрин үе, "Шинэ үзэл санаа"
Хятад улс тусгаар тогтнож, НҮБ-д элсэн улсын дайтай улс болсон 1945-1976 оныг Маогийн, эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлогыг тунхаглаж, хэрэгжүүлсэн 1982-2012 оныг “Дэн Сяопины эрин үе” гэвэл өдгөө БНХАУ “Ши Жиньпиний эрин үе” хэмээх шинэ үеийн босгонд тулж ирсэн гэж үзэх бүрэн үндэстэй.
Улс тунхагласны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Үндэсний Статистикийн хорооноос ололт амжилтынхаа тайланг гаргасан. Ингэхдээ 2012-2019 оны үзүүлэлтийг тусад нь гаргаж хэвшсэн байдал харагдлаа. Өөрөөр хэлбэл, 1949-1978, 1978-2012, 2019-өөс одоо хүртэл хэмээн гурван үечлэлээр хуваасан байна. Энэ бол Ши Жиньпиний эрийн үеийг илэрхийлэх бөгөөд ололт амжилтыг тодотгох зорилготой нь тодорхой.
Дэн Сяопин, Зянь Зэминь, Ху Жинтаогийн дөрвөн арванд боловсруулж, хэрэгжүүлсэн бодлого, зүтгэл үр дүнгээ өгч, өдгөө Ши Жиньпиний үед Хятад улс дэлхийд тэргүүлэгчийн байр сууринд гарч ирж чадсан. Гэсэн ч соёл боловсролын төвшин, эдийн засгийн ололт амжилтаа хүн нэг бүрийн амьдралд нялзаах талаар хөгжингүй орнуудаас хол хоцорсон хэвээр л байна. Өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа хадгалах, ахиулах хүндхэн үүрэг тавдугаар үеийн удирдагч Ши Жиньпинд ногдсон. Тэрээр ирэх жилүүдэд “Коммунизмыг капитализмтай хослуулах эдийн засгийн загвар боломжоо бүрэн шавхсан” гэж нотлогчдод буруу байсныг нь баталж, ноднин жил их хурлаараа томьёолсон зорилгодоо хүрч чадах аваас засаглалынх нь жилүүдийг “Эрин үе” гэж өргөмжлөхөд буруудах зүйл үгүй юм.
Хятадын үе, үеийн удирдагчдаас гагц Мао Зэдун, Дэн Сяопин нар л өөрсдийн үзэл санаагаа намын суурь үзэл болгож чадсан түүхтэй. Тэгвэл ноднингийн их хурлын өмнө “Шинэ үеийг авчрах Хятад маягийн социализмыг хөгжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санаа” гэсэн нэр томъёолол гарч, хэвлэлүүд ч олонтаа дурдан алдаршуулж байгаад намын үзэл баримтлалд тусгуулсан байдаг.
Тэрхүү үзэл санааг уншигчдад сануулья. “Ши Жиньпиний үзэл санаа” нь коммунизмыг бэхжүүлэх үзэл баримтлал бүхий 14 үндсэн зүйлтэй бөгөөд “Шинэчлэлийг бүрэн, гүн гүнзгий хийж хэрэгжүүлэх”, ”Үзэл санааны шинэчлэл”-д уриалж, хүн байгалийн шүтэлцээнд суурилсан амьдралыг цогцлоох, төрийн хяналтыг бүхий л төвшинд нэмэгдүүлэх, нэг улс, хоёр тогтолцоо бодлогыг үргэлжлүүлэх гэх мэт зорилтуудыг тусгасан таван жилийн болон “Хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө” энэ үзэл дээр нь суурилсан юм.
Луугийн хүрхрээн улмаа чангарах ирээдүй
БНХАУ-ын хөгжлийн төлөвлөгөөгөө таван жилээр буюу ХКН-ын их хурлаас дараагийн хурлын хооронд дүгнэдэг. Энэ үеэр удирдагч нь цаашдын төлөвлөгөөгөө илтгэл байдлаар танилцуулдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд хийх ажлыг Ши Жиньпиний Коммунист намын ээлжит XIX их хуралд тавьсан илтгэлд бий. Тэрээр илтгэлээ 70 жилийн түүхт ойг урьдчилан харж, өмнөх болон ирээдүйд хүрэх зорилгоо тодорхойлсон байдлаар бэлдсэн байсан юм.
Түүний илтгэлээс Хятад улс дэлхийд бүх талаараа тэргүүлэгч байхыг урьд, урьднаас илүү тэмүүлэх болсон нь анзаарагдсан гэдгийг шинжээчид нэгэн дуугаар онцлон тэмдэглэж байсан билээ.
Уншигчдад хялбар болгох үүднээс илтгэлийг тайлан, төлөвлөгөө гэсэн хоёр хэсэгт хуваагаад тоймлоё. Ши Жиньпиний үе эхэлснээс хойш БНХАУ юунд хүрэв, ирэх дөрвөн жилд БНХАУ юунд хүрэхийн тулд ямар замаар урагшлах вэ гэдгийг эндээс харах бүрэн боломжтой.
ТАЙЛАН
Эдийн засаг, дэд бүтэц. Техник технологийн дэвшлийг бүх л салбарт нэвтрүүлэхийг гол зорилго болгож ажилласан гэдгээ Ши илтгэлийнхээ эхэнд онцолсон. Тухайлбал, дэд бүтцийн салбарт технологийн дэвшлийг шингээх замаар шинэчлэхэд түлхүү анхаарчээ. Хурдны төмөр зам, өндөр хурдны галт тэрэг, зам гүүр, далайн боомт, онгоцны буудал зэрэг барихад үлэмж хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт өрнүүлсэн, газар тариалангийн салбарт огцом дэвшил гарч жилд дунджаар 600 сая тонн ургац авдаг болсон зэргийг Ши Жиньпин онцолсон. Мөн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Бээжин, Тяаньжин, Хэбэй зэрэг бүс нутгуудад бүтээн байгуулалт өрнөсөөр байгаа гэдгийг дурьдаад БНХАУ сүүлийн таван жилд худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, гадаад валютын нөөцөөрөө АНУ-ыг гүйцэн дэлхийд тэргүүлсэн гэдгийг чуулганд оролцогчдод мэдээлсэн юм. Үндэсний мөнгөн тэмдэгт юаниа ОУВС-гийн нөөөцөнд оруулсныг үүн дээр нэмэх хэрэгтэй.
Ажилгүйдэл, нийгмийн халамж. Өнгөрсөн таван жилд иргэн төвтэй бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд өнгөрсөн таван жилд 60 сая хятад хүн ядуурлаас гарч, дундаж ангид элсжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсын ядуурлын төвшин 10.2 хувиар буурч, одоогийн байдлаар дөрвөн хувьд хүрээд байна. Ажилгүйдлийг бууруулахын тулд өнгөрсөн таван жилийн хугацаанд жил бүр дунджаар 1,3 сая ажлын байр шинээр байгуулсан. Энэ нь үр дүнгээ өгч дундаж орлоготой иргэдийн тоо жил бүр өссөөр байна.
Батлан хамгаалах. Ши-гийн үед БНХАУ армидаа бүх төвшнийг хамарсан өргөн хүрээтэй бүтцийн шинэчлэл хийж 15 шинэ бүтцийг бий болгожээ. Цэргийн долоон тойргийг байлдааны командлалын таван бүс болгож, хуурай замын цэргийн тоог хорогдуулсан байна. Ши Жиньпинийг төрийн эрх авдаг 2012 онд 100 тэрбум ам.долларын босгыг анх давж байсан батлан хамгаалах салбарын төсөв 2016 онд 146 тэрбум ам.доллар болж өсчээ.
Гадаад харилцаа. Эдийн засаг нь хүчирхэгжихийн хэрээр бүс нутаг дахь нөлөө нь өсч байгаа. Энэ хэрээр олон улсын хамтын нийгэмлэгүүдийн үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэгтэй оролцох болсон. Парисын тунхаглалд №1 улсын үүргийг өөртөө авснаас гадна “Их-20”, БРИКС, АПЕК-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсан юм.
ТӨЛӨВЛӨГӨӨ
Хятад маягийн социализмыг үргэлжлүүлнэ. “Шинэ үеийг авчрах Хятад маягийн социализм”-ыг хөгжүүлэх гэдэг үзэл санаанд Ши Жиньпин чухал ач холбогдол өгсөн. Хятад улс цаашид ч одоогийн сонгож авсан замаар урагшилна, барууны улс төрийн тогтолцоог хуулбарлахгүй гэдгийг тэрээр батлан хэлсэн. Намын дотоодод авлига гэх мэт олон бэрхшээл байгаа ч цаашид асуудлыг шийдэх шинэ хууль гаргана гэж амалсан юм. Хуулийн төслийг өдгөө намын дотоодод маш нууцлалтайгаар боловсруулаад эхэлсэн гэдгийг тэрбээр төлөөлөгчдөд дуулгасан юм.
50 сая иргэнээ ядуурлаас гаргана. Улс орны хувь заяаг тодорхойлох шийдвэрийг эрх баригч улс төрийн хүчин гаргадаг мэт боловч цаана нь ард иргэд байж байдаг. БНХАУ-ын Коммунист нам ирэх таван жилийн хугацаанд ард иргэдийнхээ хүсэл тэмүүлэлд нийцсэн бодлого баримтална гэж Ши Жиньпин дарга хэлж байсан юм. Тэрбээр “Манай нам ард иргэдийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэж ажиллана. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 60 сая иргэнийг ядуурлаас гаргасан бол 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны дундаж төвшинд хүргэнэ” гэж амалсан юм.
Мөн “Ирэх таван жилийн хугацаанд ард иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд анхаараад зогсохгүй, амьдрах нөхцлийг сайжруулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Ши Жиньпин “ БНХАУ 2050 он гэхэд социалист нийгмийг улам бүр боловсронгуй болгох хоёр үе шаттай төлөвлөгөөг Коммунист намын гишүүдтэй зөвлөлдөж баталлаа. Энэ нь Хятадын өнөө цагийн эрин үе дэх улс төрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм” гэж мэдэгдсэн юм.
Уйгур, Төвдийг хөгжүүлэх замаар салан тусгаарлах үзлийг дарна. Ши Жиньпин илтгэл тавих хугацаандаа сэтгэл хөдлөлөө бараг ил гаргаагүй. Харин салан тусгаарлах үзлийн талаарх сэдвийг хөндөхдөө сэтгэл нь илт хөдөлж, эрс шийдэмгий байдал харуулсан юм. Тэрээр “БНХАУ-ын халдашгүй дархан байдалд заналхийлсэн аюулын эсрэг ямар ч тохиолдолд бэлэн байх хэрэгтэй”-г онцлоод “Салан тусгаарлах үзэл санаанд автаж болзошгүй Шинжаан Уйгур, Төвд, Хонконг, Тайвань зэрэг мужуудад энх тайван тогтоож, цаашид эдийн засаг, хөгжил, боловсролын төвшинг дээшлүүлэхэд анхаарна. Тайванийг салан тусгаарлахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Цус уснаас өтгөн” хэмээн эрс мэдэгдсэн юм.
Ши Жиньпин илтгэлдээ АНУ, бүс нутгийн маргаантай асуудлын талаар ер яриагүй ч цаад утгаараа АНУ, Ерөнхийлөгч Д.Трампад хаягласан шүүмжлэлийг нэг бус удаа хэлсэн. “Нэг ч улс өөрийн гэсэн арал руу зугтах боломжгүй. Бид нэг л дэлхийд амьдарч, нийтлэг хувь тавилантай учирна“ гэснээрээ АНУ Парисын тунхаглалаас гарсныг буруушаажээ.
Мөн эдийн засгийн өсөлтийн бодлогыг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр 2050 он гэхэд бүх талаараа дэлхийд тэргүүлэх болно гэсэн байна. Түүнчлэн гадаад худалдаа, гадаад валютын нөөц, гадаад тусламж гэх мэт дэлхийд тэргүүлсэн үзүүлэлтээ илтгэлдээ бахархалтайгаар оруулж, ирэх жилүүдэд улсаа сансар судлал, кибер орчин, тээврийн салбарт “шинэчлэгч улс“ болгоно гэж амлаад “Хятад улс сэргэн мандахад ойрхон байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
2020-2035 он хүртэлх дунд шатны төлөвлөгөө:
Эдийн засаг болон техно¬логийн салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, инновацийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх их гүрэн болох.
Ард иргэдийнхээ амьдрах нөхцөл, амьдралын боломжийг дээшлүүлж, дундаж орлоготой иргэдийн нийгэмд эзлэх хувийг өсгөх.
Алслагдсан бүс нутгийн нийтийн үйлчилгээг томоохон хотуудын оршин суугчдын төвшинд авчрах.
Үзэсгэлэнт Хятад орныг байгуулахад анхаарч ногоон хөгжлийг дэмжих.
Олон улсад үзүүлэх нөлөөгөөрөө дэлхийд тэргүүлэх гүрэн болох.
Хятад хүн бүрийг аз жаргалтай, эрүүл энх, аюулгүй амьдруулах.
Торгоны зам, Европ-Азийг холбосон төмөр замын дэд бүтцийн нэвтрэх, тээвэрлэх шугамыг боловсронгуй болгож, хоёр тивийн эдийн засгийн амин хэлхээг бий болгох.
БНХАУ сансрын уудам зайд удаа дараалан турших баг илгээж, Ангараг гарагт лаборатори байгуулах дунд хугацааны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх.
Залуусын боловсролын түвшинг үе шаттай нэмэгдүүлж, их сургуулийн боловсролын чанарт анхаарах. Бэлтгэгдсэн боловсон хүчний 80-аас дээш хувийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах.
“Нэг улс, хоёр систем” бодлогыг Хонгконг, Макаод үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн Тайванийг тусгаар тогтнуулах санааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Гадаадын хөрөнгө оруулагчдад өөрийн зах зээлдээ хандах боломжийг илүү нээж өгнө.
Хятад хүн үндэстэн болон нийгэмээрээ бахархдаг тийм нийгмийг цогцлоон бүтээнэ.
Харьцуулалт
Си Зиньпинийг төрийн эрх авснаас
2012 2018
Эдийн засаг
ДНБ
8,56 их наяд 13.61 их наяд
Иргэдийн амьжиргаа
Нэг хүнд ногдох ДНБ
6,338 ам.доллар 9,470 ам.доллар
Ажилгүйдлийн төвшин
4,2 3.95
БНХАУ-ын 70 жилд бүтээсэн үзүүлэлтүүд
-Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 1979-2012 онд 9.9 хувь, 2012-2018 онд 7.0 хувь
Дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
-1961-1978 1.1 хувь
-1979-2012 15.9 хувь /Дэлхийд хоёрдугаарт/
-2012-2018 28.1 хувь /Дэлхийд тэргүүлж байна/
ДНБ-ий өсөлт
-1952 онд 30 тэрбум ам.доллар
-2018 13.61 их наяд ам.доллар /Дэлхийд хоёрдугаарт/
-66 жилийн дотор 452 дахин өсгажээ
БНХАУ-ын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд эзлэх байр суурь
-Үр тариа 1978 онд дэлхийд №2 2018 онд дэлхийд №1
-Газрын самар 1978 №2 2018 №1
-Цай 1978 №2 2018 №1
-Мах 1978 №3 2018 №1
-Чихрийн нишингэ 1978 №10 2018 №3
-Гангийн үйлдвэрлэл 1949 №26 2018 №1
-Нүүрс 1949 №9 2018 №1
-Эрчим хүч 1949 №25 2018 №1
-Цемент 1978 №4 2018 №1
-Бордоо 1978 №3 2018 №1
-Газрын тос 1978 №27 2018 №5
Гадаад худалдаа
-1950 1.1 тэрбум №28
-1978 20.6 тэрбум №29 /Дэлхийн нийт худалдааны 0.8 хувь/
-2012 3.87 их наяд №2 /10.4 хувь/
-2018 4.62 тэрбум №1 /11.8 хувь/