Сассексийн гүнгийн авхай Меган Британийн “Mail on Sunday” сониныг шүүхэд өгчээ. Тус сонин захидлыг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн юм байна. Ханхүү Харри энэ тал дээр эхнэрийнхээ талд зогсож байгаагаа мэдэгджээ. “Би хэвлэлийнхнээс болж ээжийгээ алдсан. Одоо эхнэр маань тэдний золиос болж байгааг харж байна” гэж тэрээр хэлсэн байна.

“Mail on Sunday” сонин өнгөрсөн хоёрдугаар сарын дугаартаа Меган Марклын ханхүү Харритай гэрлээд удаагүй байхдаа бичсэн захидлыг нийтэлсэн юм. Гүнгийн авхайн өмгөөлөгчид сонин болон эзэмшигч компанийг нь шүүхэд өгөхдөө хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан хэмээн буруутгажээ.

Харин хариуцагч тал өөрийн нийтлэлээ сэтгүүлзүйн хэм хэмжээнд бичигдсэн гээд шүүх дээр үүнийгээ хамгаалах болно гэжээ.