Урт намар дуусаж, хүйтний эрч чангарч байна. Удахгүй монголчууд өвлийн идэшээ бэлдэх ажилдаа ханцуй шамална. Энэ цаг үед бүтэн жилийн турш нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж, эрх баригчдын чихнээс хонх уясан махны үнийн асуудал хөндөгдөх нь дамжиггүй юм.

Одоохондоо бол нөхцөл байдал сайн байна. Учир нь гэвэл сүүлийн хоёр сарын турш махны үнэ тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа. Ингэхдээ огцом, их хэмжээгээр бус бага мөнгөн дүнгээр тогтмол буурсан. Сүүлийн сарын нөхцөл байдлыг харахад, үхрийн ястай мах, хонины цул махны үнэ хамгийн их буурсан юм. Тэгвэл ямаа, адууны махны үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй байгаа. Үнэ ийнхүү буурсан шалтгаан нь намар хичээл, сургууль орж, малчид хүүхдийнхээ хэрэгцээг бэлдэхийн тулд малаа их хэмжээгээр борлуулж эхэлсэнтэй холбоотой юм. Тэгвэл удахгүй эхлэх идэшний цагаар махны эрэлт ихсэж, үнэ өсөх эрсдэл бий. Мөн энэ цагаар манай урд хөршид махны импорт ч нэмэгдэнэ. Өнгөрсөн жилийн хувьд махны үнийн өсөлт урьд өмнө тохиож байгаагүй шинэ үзэгдэл болсон гэж тайлбарласан салбарын яам энэ жил нөхцөл байдалд бэлэн үү. Олон жилийн турш мөрөөдсөн махны экспорт нь өнгөрсөн жил  экспортын бүтээгдэхүүний эхний тавд орж ирэхэд, дотоодын нийлүүлэлт хомсдож үнэ нь “ниссэн”. Ингэснээр инфляцад дөрөв орчим хувийг мах дангаараа эзэлж эхэлсэн. Мэдээж олон жил зорьсон махны экспортоо энэ хэвээр явуулж, дотооддоо эрэлтээ таслахгүй байх нь цэвэр бодлогын асуудал. Тухайн үед махны нийлүүлэлт хомсдож, үнэ өсгөхөд нөлөөлсөн шалтгаан нь дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ "Хүчит шонхор" зах дээрээс бэлддэг. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд орж ирж байгаа махыг бөөндөж, үйлдвэрийн хэрэгцээнд авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлсөн. Учир нь дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах талаар БНХАУ-тай хийсэн Засгийн газар хоорондын протоколд эрүүл ахуйн өндөр шаардлага тавигдсан байдаг. Энэ шаардлагыг хангахын тулд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ бэлтгэж байх үүрэгтэй. Энэ журам хангалтгүй хэрэгжиж байснаас болоод зах зээл дээрээс ард иргэдийн гар дээр очих махыг бөөнөөр нь авч үйлдвэрийн түүхий эдийг бэлдэж байсан гэдэг шалтгааныг ч Төв банкны шинжээчид тайлбарласан. Тэгвэл салбар яамнаас өнгөрсөн өвөл, хаврынх шиг гэнэтийн өсөлтөд нөөцөлсөн махны хэмжээ бага байсан нь мөн асуудал дагуулсан. Монгол Улс өмнөх онд 66 сая толгой мал тоолсон. Гэвч тухайн ондоо дөрвөн мянган тонн мах нөөцөлсөн. Мал төллөлтийн үеийн махны хомсдолтой үед нийлүүлэхээр нөөцөлдөг махны нөөц нь бага. Яг тухайн үед нь экспорт оргилдоо хүрсэн нь цагийн зүү давхцсаных. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Төв суурин газрын хүн амын махны хэрэглээг харахад хамгийн багадаа энэ жил 20 мянган тонн мах бэлтгэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд 50-60 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэг болж байна.  Түүнчлэн мах бэлтгэж, нөөц нэмэгдүүлэхийн тулд мах бэлтгэж байгаа компаниудын зээл хүүг нь багасгасан. Үүнээс гадна экспорттой холбоотой зарим механизмыг өөрчилмөөр байна. Экспортоор гарч буй махны 10 хувийг дотооддоо нөөцөлнө гэж заасан байдаг. Ингэхээр өнгөрсөн онд 70 мянган тонн мах экспортод гаргасан. Үүний 10 хувь гэхээр долоон тонн мах дотооддоо бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл энэ долоон тонн бол хүн амын хэрэгцээний хаана ч хүрэхгүй. Тиймээс үүнийг эргэж харъя” гэсэн юм.

Махны үнэ өссөн шалтгаан нөхцөлөө мэдсэн. Тэгвэл энэ жил арга хэмжээ авч махны экспортын орлогоо таслахгүй хийгээд, дотоодын махны нийлүүлэлтийг хомсдуулахгүй, үнээ “аргамжиж” чадах уу. Энэ асуултад салбарын сайд “Дулааны аргаар үйлдвэрлэж экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно. Тухайн жилийн мал сүргийн өсөлт, дотоодын махны хангамжтай уялдуулаад хэмжээг тогтоож, журамд өөрчлөлт оруулна. Хонь, ямааны маханд квот тогтоохоор болж байна. Энэ нь дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Ямар ч аргаар мах бэлтгэж экспортолж байгаа компаниуд экспортод гаргаж буй зөвшөөрлийнхөө 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан буюу нөөцөлсөн байх шаардлагыг тавьж байгаа. Бүх мах боловсруулах, төхөөрөх үйлдвэрт хяналт, шинжилгээ хийсэн. Бүгдэд нь технологийн түвшнийг нь тогтоосон.  Түүнчлэн мах үйлдвэрлэх, экспортлох стандарт шаардлагыг өндөржүүлсэн” гэдэг хариулт өгсөн юм.