Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудад түүхий нүүрс түлүүлэхгүй байх, хот руу түүхий нүүрс оруулахгүй байх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас нийслэлийн хэмжээнд хориглосон.
Улаанбаатарын агаарын бохирдлын 80 хувийн эх үүсвэр нь гэр хороолол. Тиймээс агаарын бохирдол бууруулах ажлыг гэр хорооллоос эхлүүлсэн. Гэр хорооллын 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
Харин түүхий нүүрсний хэрэглээг орлохуйц, чанарын шаардлага хангасан, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн шахмал түлшээр хангахаар болсон юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн “Тавантолгой түлш” компанийг байгуулж түүхий нүүрсийг орлох “сайн” түлшийг үйлдвэрлэн борлуулж байгаа.

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган өрхийг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүд жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан бол энэ жилээс 600 мянган тонн шахмал түлш түлж хэмнэлт хийх боломж бүрдэж буй.
Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлан 25 килограммтай нэг шуудай нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулалтад гарсан. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах ёстой. Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд л уг шахмал түлшийг хэрэглэх бөгөөд хөдөө орон нутаг руу зөөхөөс сэргийлж буй алхам юм. Учир нь шахмал түлшний үйлдвэрийн нөөц нийслэлээ л хангах хэмжээнд байгаа аж.

Тиймээс нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй. Уг карт тусгай сериал дугаартай учир тухайн өрх зөвхөн өөрийн картаа ашиглана. Иргэд түлш худалдан авахдаа өөрийн картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.
1990-ээд оны эхээр монголын эдийн засаг гүн хямралд орж, тэгш хуваарилалтын картын системд шилжин иргэд картаар бараа авдаг байсан. Ингэхдээ өрхийн гишүүний тоогоос хамааран хэдэн ширхэг талх, хэдэн килограм гурил, будаа, мах авахыг хуваарилсан. Харин шахмал түлшийг худалдан авахад тэгш хуваарилалт хийгээгүй гэж хэлж болно. 200 м2 байртай Бат, таван ханатай гэртэй Дулмаагийн шахмал түлшний картын хэмжээ ижил. Хэрвээ Батаагийн картны эрх буюу 3000 тонн шахмал түлш өвлөөс өмнө дуусвал тэрээр “Таван толгой түлш” ХХК-ийнханд хандах ёстой. Ингэснээр холбогдох албан тушаалтан Батын байшин түлшний хэрэглээг судалж үзэн эрхийг нь нэмэх аж.

Гэхдээ бидний зорин очсон хэд хэдэн гэрээт борлуулагчид шахмал түлшийг картгүй олгож байлаа. Уг нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргүүдэд сайжруулсан түлш авах “Сайн карт”-ыг хүлээлгэн өгсөн ч бүрэн тарааж дуусаагүй байгаа гэнэ. Уг картыг иргэд хороон дээрээсээ өвч болно. Мөн хэсгийн ахлагч нар айл, өрхүүдээрээ дамжуулан тарааж байгаа. Мөн иргэд шахмал түлш, картаа хэрхэн ашиглах талаар ч мэдээлэл хомс байв. Хороондоо захиална гэсэн очиж амжаагүй байна гэх иргэн байхад, карт авсан ч асуухгүй өгч байгаа болохоор хэрэглээгүй гэх хүмүүстэй ч таарав.
Сайжруулсан түлшийг авахдаа “Сайн карт”-аа зөвхөн дүүрэгтээ байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан аппликшэнд уншуулж худалдан авалт хийх бөгөөд бусад дүүрэгт карт уншигдахгүй гэнэ.

Уг карт нь төлбөрийн хэрэгсэл биш нэг өрх өвлийн турш хэрэглэх сайжруулсан түлшний хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм.
Саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг, хороодод байгаа 350 орчим цэгүүдэд хүргэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулсан.

Гэхдээ саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн өнгөрсөн тавдугаар сард л танилцуулж байсан “Сайн” карт өнөөдрийг хүртэл үйлчилгээнд нэвтрээгүй хүлээгдсээр л. Шахмал түлш борлуулж байгаа иргэд ч энэ талаар мэдээлэл дутмаг, арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ажил нь жигдэрч бүртгэл нь идэвхжинэ гэх хариултыг өгч байлаа. Дээрээ ярьсан, магадгүй мөрөөдсөн ажил доороо цалгардаж буй энгийн нэг жишээ энэ. Энэ цалгардал дүн өвлөөр ямар эмх замбараагүй байдал дагуулах нь ч ойлгомжтой юм.