Дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт дагасан үнийн өсөлт Монгол Улсад боломж авч ирэхийг шинжээчид тайлбарлаж буй.
Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон улсуудын үйлдвэрлэл эрчимжихтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт их хэмжээгээр бий болох прогнозыг шинжээчид хийжээ. Энэ онд дэлхийн зах зээлд 66 мянган тонн зэсийн хомсдол үүсэх бол 2023 оноос 200 мянган тонн зэсийн хомсдол бий болох аж. Үүнтэй зэрэгцээд 1-2 жилд тонн зэсийн ханш 6500 ам.долларт хүрэх таамаг гаргасан. Түүнчлэн гурван жилийн дараа энэ дүн 7000 ам.доллар болж өсөх гэнэ.
Ингэснээр Монгол Улсын төсвийн орлогод угаас жин дардаг зэсийн орлого бүр нэмэгдэнэ. Түүнчлэн энэ таатай нөхцөл байдалтай зэрэгцэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт цэгцэрсэн цаг үе таарч байгаа нь маш том боломж гэдгийг ч тайлбарлаж байна. Үүнээс гадна Монгол Улс зэсээ түүхийгээр нь бус боловсруулж нэмүү өртөг шингээж, экспортолсноор энэхүү өсөлтөөс илүү их ашиг олохыг ч шинжээчид зөвлөөд буй.
Энэ оны тухайд Монгол Улс төсөвт зэсийн экспортын хэмжээг 1.4 сая тонн байхаар тооцож, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр болсон. Эхний долоодугаар сарын байдлаар 867.7 мян.тн зэсийн баяжмао экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 19.6 мян.тн-оор их байгаа юм. Гэвч 2018 оны эхний долоодугаар сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,386.7 сая ам.доллар байсан бол тайлант сард 10,382.8 сая ам.доллар болжээ. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд ч мөн адил зэсийн экспортын хэмжээ, дундаж үнийг энэ оныхтой ижил байхаар тусгажээ.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш 5760 ам.доллар байна.