Ардчилал бидэнд юу авчирсан бэ?

1990 оноос өмнөх Монголд төрөөс өөр хүчтэн байсангүй. Төр бүхнийг өмнөө бөхийлгөж, сөгдүүлнэ. Бүгдийн өмнөөс бүхнийг шийднэ. Хамгийг энэрч хайрлаж, хайр хишгээ түгээнэ. Төрөө шүтэж, дээдэлж, төрийн сүлдэндээ залбирч, цайны дээжээ өргөөд л байх юм бол болоод явчихна гэсэн үзэл бодол хүн бүхэнд нэвт шингээстэй. Тэрхүү төр хэмээгч нь иргэдээ гэрэлт коммунизмд хэм тэгш сайхан жаргаана гэсэн үгийг маань мэгзэм мэт өглөө бүр чихэнд нь хоногшуулна. Иргэн бүр төрдөө шүтэж залбирч, хамаг бүхнээ даатгах атлаа төрөөсөө бас айж эмээнэ гэдэг туйлгүй. Бүхнийг чадагч төр нь бүхнийг айлгагч болж хувирчихаад байв. Төрийн сүр хүчин дор хүлцэнгүйгээр сөгдөж, түүнийг бурханчлан дээдлэх үзэл туйлдаа хүрч, энэ нь яван явсаар төрийг ч биш бүр хэн нэгэн хүнийг хэт тахин шүтэх гажуудал болсон юм.

Ардчилсан хувьсгал үүнийг өөрчилсөн. Ардчиллын бидэнд авчирсан хамгийн том ололт нь төр, иргэн хоёрыг ижил түвшинд, нэг шугаманд тавьсан явдал. Өөрөөр хэлбэл төр гэдэг хүчирхийллийн аппарат хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг нухчин дарж байгааг илчилсэн. Төрийн тэр их эрх мэдэл, сүр хүчийг хувь хүний эрх чөлөөгөөр сольсон. Ингээд ард иргэд “түмэн нүдтэй, төмөр нүүртэй” төр гэгч агуу хүчирхэг эзэнтэйгээ анх удаа гар барьж үзэв. Төр гэдэг бол цалигчилсан шүтээн биш. Төр гэдэг нэрийн ард бидэнтэй л адилхан махан бие, цусан зүрхтэй хүмүүс байдаг гэдгийг иргэд ойлгож, ухаарав. Ингээд ардчилсан Үндсэн хуулиа баталж, анхны ардчилсан сонгуулийг явуулсан юм. Энэ бол төр иргэддээ үйлчлэх институц юм гэдгийг мэдэрч ойлгож, чөлөөт ардчилсан нийгэмд төрийн эрх мэдэл иргэдийн гарт байдаг гэдгийг бодитоор хэрэгжүүлсэн үйл явдал байв. Төр биш иргэд хүчирхэг байх ёстойг мөн тунхагласан ч гэж болно.  Ардчилал бидэнд үзэл бодол, сэтгэлгээний ийм эрс өөрчлөлтийг авчирсан юм. Төрийг үзэх үзэл, хандлагад ийм хувьсгал гарснаар өнөөгийн ардчилсан нийгмийн суурь бүрэлдсэн билээ.

Харамсалтай нь 30 жилийн дараа эргээд хартал ардчилал биднээс алгуур холдож, агуу төр аажмаар хүчирхэгжсээр байна. Богдын боорцог лугаа адил сайдын атгаж цацсан чихэр тэнгэрийн хишиг болж тахигдах цаг ч ирж. Таван жилийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг намуудын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөөр солигдсоноос өөрөөр хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ч чанарын ахиц дэвшил гарсангүй. Дөрвөн жилийн дараа аз жаргалтай хот байгуулж, хүн шиг амьдруулна гэх маягийн суртал ухаалгаар тархиа нүдүүлсээр сонгуулиас сонгуулийн хооронд иргэд ядарч туйлдаж эхлэв.

Төр улам том, нүсэр, улам хүчирхэг болсоор. Төрийн түшээд бүхнийг мэдэгч, чадагч мэт аашилсаар. Тэд эрх  мэдэл, эд хөрөнгөндөө эрдэж улам бүр увайгүй, ичгүүргүй болсоор. Хэн дор эрх мэдэл буй, түүн дор хилэнц буй гэдэг үг өнөөгийн төр, засгийнхны сонгодог тодорхойлолт болж хувирсан байх жишээтэй. 60 тэрбум, ЖДҮХС, оффшор, концесс гэх мэт түлхүүр үгсийг нь дурдахад л хангалттай.

Уг нь ардчилсан нийгэмд төр байж болох хамгийн бага түвшинд л эрх мэдэлтэй байх ёстой. Төр иргэддээ үйлчилдэг болохоос биш иргэд төрд үйлчлэх ёсгүй. Энэ зарчим өнөөдөр эсрэгээрээ хэрэгжиж байгаагаас Монголын ардчилалд аюул занал тулгарчээ. Монгол Улсын хөгжилд саад бэрхшээл учирчээ. Төр хэмээх институц улс төрийн ардчиллыг багалзуурдаж, намын байр суурь, үзэл бодол гэгчээрээ баглан хүлж, басхүү улс орны эдийн засгийг хараандаа бүрэн авч, удирдах гэж зүтгэж байгаа нь өнөөгийн бүх муу муухай хийгээд уруудал доройтол, хямралын үндэс юм.

Хүчирхэг эдийн засагтай улс оронд хүчирхэг төр байдаггүй, харин хүчирхэг иргэд л байдаг. Иргэд нь хүчирхэг байж улс орон хөгждөг. Үүнийг 100 жилийн өмнө буюу тэртээ 1920-иод онд либерал ардчилсан үзэлтэн Солийн Данзан олж хараад “Баяжигтун” хэмээн уриалж байгаад буудуулсан юм. Тэрээр бас “Иргэн баян бол улс баян” гэдэг эдүгээ хүн бүхний эш татах дуртай үгийг анх хэлсэн билээ. Өнөөгийнхөнд бол уг нь хэт энгийн санагдах энэ үг хуучирч мартагдахгүй хэвээр байгаа нь монголчууд бид эдийн засаг, улс төрийн хүрээндээ хамгийн энгийн шинэчлэлийг ч хийж чадахгүй байгаагийнх гэлтэй. Нэг үгээр хэлбэл 100 жилийн өмнөхөөсөө урагшлаагүй гэсэн үг. Юутай ч 30 жилийн өмнө байсан социализм руугаа бол аль хэдийнэ эргээд оччихсон. Иргэдээ бүгдийг нь жигдхэн ядуу, харанхуй байлгаж, халамжлан тэтгэж, нийгмийн баялгаа тэгшитгэн хуваах бодлогыг Монголын төр идэвхтэй явуулж байгаагаас үүнийг харж болно. Түүнчлэн эдийн засаг дахь төрийн оролцоо улам нэмэгдсээр байгаа хэрнээ сайн мэдээ огт дуулдахаа байжээ. Энэ талаар хоёрхон жишээ татъя. Бизнесийн орчинд төр буюу Засгийн газар хамгийн муу нөлөөг үзүүлж байгааг МҮХАҮТ-аас жилийн өмнө хийсэн судалгаанд дурдсан байна. Дэлхийн өрсөлдөх чадварын 2019 оны тайланд 63 улсыг сонгон авч харьцуулан судалж тайлан гаргахад Монгол Улс өрсөлдөх чадвараараа 62-т буюу Венесуэлийн өмнө бичигдсэн. Төр хамгийн муу менежер гэдгийг ийн нотолсоор. Нөхцөл байдал ийм атал төр хүчирхэг, сүрлэг байх тухай популист тунхаг улам чанга цуурайтсаар байгаа нь харамсалтай.

Бид популист удирдагчдынхаа хөлд чирэгдэн дампуурч байгаа Венесуэлтэй мөр зэрэгцэх бус эдийн засгаа асар богино хугацаанд либералчилж, хөгжлийн хурдаа нэгэнт аваад буй Гүржтэй өрсөлдөх учиртайсан. Саакашвили төрөө цомхон болгож, эдийн засгаа либералчилснаар эрчим хүчээр Гүрж ОХУ-аас 70 хувь хараат байснаа больж, эдүгээ энэ салбарын том экспортлогч болсон байна. Мөн тус улс 10 жилийн өмнө манайх шиг л жилд 500 мянган жуулчин хүлээн авдаг байсан бол өнөөдөр 6-7 сая жуулчин тус улсыг зорин ирдэг болж. Бизнесийн таатай орчин бүрдүүлж чадсан бөгөөд төрийн үйлчилгээ нь яг кофе шоп шиг ажилладаг гэнэ. Аяга кофе уух зуурт л бүх асуудлыг нь шийдээд өгнө. Тусгай зөвшөөрөл огт байхгүй. 2001 онд Саакашвилиг засаг авахад Тбилисээс 10 гаруй улс руу нисдэг байсан бол одоо 40 гаруй улс руу нислэг үйлддэг болсон бөгөөд нислэгийн тийз нь маш хямд. 1990-ээд онд Монголтой адил гараанд зогсч байсан Гүрж өнөөдөр ийм болжээ.

Уг нь төр бол нийгмийн гэрээгээр бий болсон, өөрөөр хэлбэл нийтийн итгэлд үндэслэгдэн байгуулагдсан институц. Тиймээс төр бол ард түмний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр юу ч биш. Тэрээр нийгмийн зүгээс хүлээлгэсэн үүрэг зорилгыг л хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага эрхтэй байх бөгөөд үүнээс илүү эрх мэдэл төрд байх учиргүй. Эдгээр санаануудыг аль XVII-XVIII зуунд улс төрийн сэтгэлгээ, либерализмыг үндэслэгч Жон Локк тунхаглачихсан. Түүнийхээр бол төр хөндлөнгөөс оролцоогүй үед хүмүүс зарим юмыг илүү сайн хийдэг бөгөөд ихэнх хүмүүс эрхээ шударгаар хэрэгжүүлж чаддаг байна. Ер нь аливаа зүйл гадны нөлөөгүй, хар аяндаа цэгцэрвэл маш бат бэх, зөв байдлаар эмх журмандаа ордог. Үүнийг либертари үзэлтнүүд “Хөндлөнгөөс бүү оролц!”, “Аяндаа тогтсон эмх цэгц” гэдэг нэр томъёогоор илэрхийлдэг.

Орчин үеийн либертари үзлээр иргэд төрөөс аль болох ангид оршиж өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө амьдардаг, эрх чөлөөг эрхэмлэгч байх ёстой гэж үздэг. Төр бол хувь хүнд үйлчилж байх зориулалттайгаар бий болгосон нийгмийн институц тул иргэдийнхээ хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй, хөрөнгөө юунд зарцуулахыг нь зааварладаггүй, төрөөс гаргадаг элдэв журам зохицуулалт нь хамгийн бага түвшинд байх ёстой гэдэг нь  либертари үзлийн нэг гол хэсэг юм.

Ингэж байж хувь хүнд илүү хариуцлага үүрүүлсэн  нийгэм бий болох бөгөөд иргэн хүн төртэй эн чацуу субъект гэдгээ мэдэрч ухамсарлана. Иргэд хүчирхэг болно гэсэн үг. Түүнээс биш иргэдээс авсан мөнгөн дээр, тэднээс олгосон эрхийг хэрэгжүүлж байгаа төрд иргэдээсээ илүү, дээр байх ёс суртахууны үндэслэл байхгүй. Тиймээс төрийн албанд очсон хүмүүс иргэдээс илүү эрхгүй гэдгээ санаж байх учиртай. Өнөөдөр манай төрийн бүх шатны албан хаагчид иргэддээ хэрхэн ханддаг билээ гээд бодохоор дээрх тодорхойлолтууд дэндүү холын санагдана.

Түүнчлэн иргэдийнхээ баялаг бүтээгч хэсгээс нь татвар татаас авч нөгөө хэсэгт нь өглөг тараадаг буянлаг буюу халамжийн төр хэрэггүй бидэнд хэрэггүй. Төрийн оролцоо гэдэг бол өөрсдийгөө иргэдээс дээгүүр тавьсан эрхтэн дархтаны оролцоо гэсэн үг. Тиймээс энэ оролцоог бууруулж байж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай ярих боломжтой. Философич Б.Батчулуун гуай энэ талаар “Төр юу ч битгий хийгээсэй. Төр юм хийнэ гэхээрээ иргэдэд биш, дандаа өөртөө ашигтай зүйл болгож, нийгмийг бусниулж, хорлон сүйтгээд эхэлдэг. Жишээ нь, тэдний санаачилсан ЖДҮ-г дэмжих сан бол сайн зүйл, гэтэл цаад санаа нь юу байв? Өөрсдөдөө яаж унагахаа тооцоолсон эд байсан байна шүү дээ. Шаазан эдлэлийн дэлгүүрт орсон зааныг аль болох бага хөдлөөсэй гэж залбирч байх хэрэгтэй. Тэгэхээр хорлон сүйтгэснийх нь төлөө өндөр цалин, хангамж өгч байхаар зүгээр сууж байсных нь төлөө өгсөн нь дээр” хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа онцолсон байна лээ. Төр байгаа цагт тэрээр ямагт эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хичээнэ. Иргэд өөрсдөө хүчирхэг байж төрийн тэр эрх мэдлийг хамгийн бага түвшинд байлгана. Товчхондоо бол ардчилсан төр гэж байхгүй, ардчилсан иргэд л гэж бий.

Эцэст нь хэлэхэд иргэний нийгэмд төр гэрлэн дохионы л үүрэгтэй. Гэтэл өнөөгийн төр тэр үүргээ хэтрүүлчихээд байна. Тиймээс одоо гэрлэн дохиогоо засахаас өөр аргагүй. Улаанбаатарын замын уулзвар бүрт онилзож байдаг улаан гэрлүүд ардчиллын үнэт зүйл дээр олилзож байгаасай гэж би, бид хүсэхгүй байна. Гэрлэн дохио олон байх тусам замын хөдөлгөөн саатаж, хурд нь саарч, улмаар түгжрэл үүсдэг. Түүн лүгээ адил Төр хэмээгч “төмөр нүүртэн” энд тэндгүй улаан гэрэл анивчуулаад байх юм бол нийгмийн цусны эргэлт тасалдаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө аль аль нь хаагдмал, боогдмол, зогсонги, царцанги байдалд орно.