“Discover Mongolia-2019” чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой “Discover Mongolia-2019” чуулга уулзалт эхэллээ. 17 дахь жилдээ болж буй энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхайн салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлж байна. “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн салбарын төрийн бодлого, удирдамжийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг хангаж ажилладаг. Энэ хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэд хэдэн охин компани байгуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бизнесийн салбарт өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар “Монголын Алт” ХХК-тай хамтран “Эрдэнэс Ашид” ХХК, “Бэрэн групп” ХХК-тай хамтран “Эрдэнэс Стийл” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Эрдэнэс Стийл” ХХК Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг эхлүүлээд байна. Уг төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг цогцолбор жилд 500 мян. тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэх юм.

Мөн эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж байгуулж, үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төсөл юм. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм.

Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл, Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг боловсруулан хөрөнгө оруулагчдад таницуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)