-Утаа багасах ч агаарын “бохирдол” буурахгүй-

Нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглож, оронд нь сайжруулсан түлш түлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа билээ. Гэхдээ хэрэгжилт нь хаврын адаг сард эхэлсэн болохоор үр дүнг нь энэ өвөл л бодитоор харах гэж байна. Гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан түлш түлснээр утаа буурах нь дамжиггүй. Гэлээ гээд агаарын бохирдлыг бууруулахгүй. Учир нь утаа, агаарын бохирдол хоёр нэг мэт боловч угтаа өөр, Агаарын бохирдол нь илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Утаа хүйтэн сэрүүний улиралд л гардаг бол агаарын бохирдол бүтэн жил хэвээрээ байдаг.

“Бохирдол” гэж ерөнхийлөн нэрлэж буй, урин дулааны улиралд ч өвлийн хүйтэнд ч агаарт байдаг тэрхүү зүйл нь PM10 /бүдүүн ширхэглэгт тоосонцор/ юм. Агаарыг бохирдуулж байгаа олон бодис бүгд хүний биед хортой ч PM10, PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор хамгийн хөнөөлтэй нь гэдэг. Энэхүү тоосонцрын эх үүсвэр нь үндсэндээ цахилгаан станц болон гэр хорооллын айл өрхүүдийн зуухнаас гарч буй үнс юм.

Өвөл ил задгай хаягдсан үнс салхи, хүн, машины хөлөөр талхлагдан агаарт дэгдэж бохирдуулдаг. Тиймээс үнс буюу бүдүүн ширхэглэгт тоосонцорыг агаарт дэгдээхгүй байх тэмцлийг дорвитойхон явуулах цаг ирсэн байна.

Агаарын чанарын албаны мэдээллээр бол, агаарт агуулагдах хорт бодиснуудаас ганц PM 10-ын хэмжээ хүлцэх хэм хэмжээнээс илүү байна.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас шийдмэг алхам хийж, нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, сайн чанарын шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулаад байгаа билээ. Тавантолгойн өндөр илчлэг бүхий бүүрсний хаягдлаар хийсэн шахмал түлш хэрэглэснээр хэрэглээ 50 хувиар буурч, ялгарах хорт утааны хэмжээ ч төдий чинээ буурна гэж шийдвэр гаргагчид тооцож буй. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахад өөр олон арга хэмжэнүүд хэрэгтэй. Үүний нэг нь гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй үнсийг агаарт дэгдээлгүй барьж үлдэх явдал юм. Шахмал түлшинд шилжсэн дээрээ энэ ажлыг эхлүүлбэл ач холбогдол нь улам өснө.

Үнсийг агаарт алддаггүй сав зохион бүтээх ШБОС-ын уралдаан зарлая

Үнсийг агаарт дэгдээхгүй байхад үнс хадгалах зориулалтын сав чухал үүрэгтэй. Төр засгаас үнсийг ил задгай хаяхгүй байхыг уриалж, хариуцлагын механизм хэрэгжүүлдэг ч хүчрэгдэхгүй байгаа. Ил задгай хаясан үнс агаарт хөөрч эргэж буух давтамжтайгаар олон жилийн турш агаар, хөрсийг бохирдуулдаг. Тиймээс айл өрх бүрийг үнс хадгалдаг зориулалтын савтай болгох ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үнсийг агаарт дэгдээхгүйгээр хаяж, хадгалах боломжтой савны загвар бүтээхэд инженерүүдийнхээ тусламжийг авч, ШБОС шингээсэн сав бүтээгээд түүнийгээ айл өрхүүдэд худалдаалах хэрэгтэй байна. Онцгой байдлын албанаас айл өрхүүдэд таг бүхий зориулалтын үнсний савыг үе, үе тараадаг. Гэхдээ тагтай саванд ч үнсийг хийхэд пургиж, хаах хүртэл багагүй тоос агаарт дэгддэг. Шинээр хийх сав энэ сул талыг нөхсөн байх ёстой.

Хувийн бодлоо хэлэхэд, унжлага хэлбэрийн тагтай, галд шатдаггүй хуниастай даавуу хэлбэрийн тагтай үнсний сав байж болох мэт. Инженер, шинийг санаачлагчид аргаг нь олчихно.

Засгийн газраас баталсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн 4.2.9.-д “Гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэг болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх машин механизмын тоог нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих” гэсэн заалт орсон байгаа. Үнсний сав үйлдвэрлэх ажлыг энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж болно. Нийслэлийн агаарын чанарын албанаас айл өрх, албан байгууллагуудыг шалгаж торгууль тавьдаг. Эндээс тодорхой хэмжээний хөрөнгийг энэ ажилд зарцуулах боломжрой. Ер нь хэрэгжүүлэх арга хэлбэрийн хувьд ямарч байж болно, гол нь үр дүн гаргах хэрэгтэй байна.

ХАМГИЙН АЮУЛТАЙ АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИС

• Нүдэнд үл үзэгдэгч хамгийн аюултай бодис бол PM10 болон PM2.5 юм.

• PM10 буюу Том ширхэглэгт тоосонцор:

- 10 микроноос бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэх ба агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг.

PM 10 гэж юу вэ

10, 25 гэсэн тоонууд нь диаметрийн хэмжээг заадаг. PM 2.5 нь 2.5 микрометр, PM 10 нь 10 микрометрийн диаметртэй гэсэн үг юм. Микрон буюу микрометр нь их жижиг (метрийг сая хуваасны нэгтэй тэнцүү хэмжээс). Доорх зурагт микроныг хэр жижиг болохыг харуулахын тулд хүний үсний ширхэгтэй харьцуулав. Мөн PM 10, PM 2.5 тоосонцруудын хэмжээг харуулав.

Хүний үс нь 50-70 микрон байдаг бол энгийн элсний ширхэг 90 микрон байдаг.