Төсөв 2020: УИХ-ын сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газар төсвийн төслөө аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуулийн зохицуулалттай. Үүнтэй холбогдуулан Засгийн газар сүүлийн гурван удаагийн хуралдаанаараа 2020 оны төсвөө хэлэлцсэн. Өчигдөр сүүлийн удаа хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар болсон. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төслөө танилцууллаа.

Төсвийн орлогыг 1.8 их наяд төгрөгөөр өсгөсөн

2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэсн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон байна. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцжээ. Ингэхээр төсвийн орлого 1.8 их наядаар тэлсэн байгаа юм. Төсөвт татварын орлого 10.7 их наяд төгрөг байх юм байна. Уул уурхайн бүтээгдэхүүний тухайд 2020 онд мөн энэ онтой ижил 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ нүүрсний дундаж үнийг ч өмнөх оныхтой ижил байхаар тооцсон байна. Тэгвэл зэсийн ханшийг 5991 ам.доллар байхаар ОУВС-гийн тогтоосон ханшаар тооцсон байна. Түүнчлэн 2020 онд алт, төмрийн хүдрийн ханш өсөлттэй байх таамаг байгаа аж.  

Хар тамхитай тэмцэхэд 1.3 тэрбумыг зарцуулна

Төсвийн зардлыг хамгийн их буюу тэтгэвэр тэтгэмжид 4.2 их наяд, хөрөнгө оруулалтад 3.6 их наядыг зарцуулах юм байна. 2020 онд Засгийн газар гадаад, дотоодод ямар нэгэн бонд гаргахгүй гэж төлөвлөжээ. Түүнчлэн ирэх онд төсөвт МСҮТ-ийн суралцагдын тэтгэлгийг 100 мянган төгрөг байсныг 200 мянган төгрөг болгохоор төсвийн төсөлд тусгажээ. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон сургуулийн хүүхдүүдийн “Үдийн цай”-ны төсвийг 50 хувиар нэмж байгаа аж. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд, Нийгмийн даатгалын сангаас 150 тэрбум төгрөг буюу 418 мянган иргэн хамруулах хэмжээний мөнгийг тусгасан бол нийгмийн  халамжийн сангаас 17.5 тэрбум төгрөг байгаа юм байна. Төрийн албан хаагчийн цалинг нэмэхэд 160 тэрбум төгрөг зарцуулахаар мөн тусгажээ. Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум, “Токио 2020”-д оролцох тамирчдын хувцас бусад зардалд 20 тэрбум тусгасан байна. Ирэх оны сонгуульд нийт 43 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Үүнээс УИХ-ын сонгуульд 20 тэрбум, орон нутгийн сонгуульд 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Сүүлийн үед хар тамхины хэрэг Монголд олон гарч байгаа тул хар тамхитай тэмцэх зардалд 1.3 тэрбумийг тооцож, орон тоог 46-гаар нэмжээ.

НӨАТ-ын буцаалтыг улирал тутамд олгоно

Ирэх онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувьтай байна гэж тооцсон гэдгийг Сангийн сайд хэллээ. Энэ онд эдийн засгийн өсөлтийг найман хувьтай байна гэж тооцсон. Харин ирэх онд эдийн засгийн өсөлт өмнөх жилээсээ буурна гэж тооцсон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Ирэх онд эдийн засагт нөлөөгөө үзүүлж болох хэд хэдэн эрсдэл байгааг Ч.Хүрэлбаатар сайд онцоллоо. Тэрбээр “Манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа. Яагаад ингэж байгаа вэ гэхээр, өмнө нь баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нөлөөлж байгаа. Мөн томоохон хэмжээний санхүүгийн гэмт хэргүүд шийдвэрлэгдэхгүй удаж байгаа нь нөлөөлж байна. Хоёрдугаарт, экспортод гаргаж байгаа гол нэрийн түүхий эдүүдийн ханш худалдааны дайнаас шалтгаалж унах эрсдэл бий. Тиймээс бид төсвийн төслөө боловсруулахдаа эдгээр эрсдэлийг тооцсон” гэлээ. Мөн иргэдийн НӨАТ-ын буцаалтыг улирал тутамд олгож эхлэх юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. MAH ali hediin 60 terbumaa bosgotson. ard irgediin amruu mungu chiheed bna biz ain?

    0 0 Хариу бичих
  2. МАН буюу Хүрэлбаатарын ТӨСӨВ 2020 бол Сонгуулд зориулсан Төсөв , Оффшор Баярцогтийн 20н Хувьсагч шиг баахан Тоо бичиж Иргэдийн толгойг угааж байна, МАН түрүүчийн Сонгуулиар Сонгогчид доо юу гэж юж гэж сайхан Амлаж Хуурч мэхэлж Олонхи болж Ялалт байгууллаа, Дараа нь яасан Тэтгэврийн насыг нэмсэн, Хүүхдийн хадгаламжаас Татвар авч эхэлсэн, элдэв төрлийн Татварууд нэмж Иргэдийн нуруун дээр ачаа нэмж, Зөрчилын хууль гэгчээр далимдуулж олон янзын Торгууль нэмсэн, Өөрсөдөө дээгүүрээ бага Хүүтэй зээл олонхоороо авч Хөгөө чирцгээсэн энэ удаагийн Хүрэлбаатарын Өргөн барьсан Төсөв биеллээ олоход Үнэмшил муутай учир нь ОУВС-ын Хяналтанд манай Улсын Эдийн засаг байгаа шүү дээ,

    0 0 Хариу бичих