Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барина. Ирэх онд Мөнгөний бодлогын чиглэлээр таван чиглэлд анхаарлаа хандуулахаар тусгажээ. Үүнд юуг чухалчлахаар болсонд анхаарлаа хандуулъя.
Нэгдүгээрт, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, олон улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах. АНДББ-ын зүгээс 2019 оны 5 дугаар сарын 22-нд ирүүлсэн албан бичигтээ Монгол Улсын зарим үнэлгээ “хагас хангасан” түвшинд ахих боломжтойг дурдсан хэдий ч ФАТФ-ын зүгээс Монгол Улс Харилцан үнэлгээний тайланд дурдсан доголдлыг арилгаагүй, ахиц дэвшил гаргаагүй гэж үзвэл 2019 оны 10 дугаар сарын 19-нд болох чуулганаараа Монгол Улсыг “саарал жагсаалт”-ад оруулах эрсдэл хадгалагдсаар байна.
Хоёрдугаарт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах. Монгол Улс 2020-2024 онд хүлээгдэж буй 14.3 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өрийн эргэн төлөлт хийнэ. Гэвч эдийн засаг нь ганцхан тулгууртай. Тиймээс гадаад өрийн төлөлт, түүхий эдийн үнийн уналтын мөчлөгтэй давхцах эрсдэлтэй тул бодлогын сахилга батыг хангах, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах нь чухал.
Гуравдугаарт, Төв банкны гадаад өрийн хэмжээг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх. Монгол Улсын гадаад өр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 29.5 тэрбум ам.доллар байна. Үүний хувийг Засгийн газрын өр, долоон хувийг Төв банкны гадаад өр эзэлж байгаа. Түүнчлэн Засгийн газраас өрийн хэмжээг эдийн засагт дарамт учруулахгүйгээр бууруулах чиглэл баримталж байгаа тул түүнтэй нийцтэйгээр Төв банкны гадаад өрийг бууруулах зорилтыг дэвшүүлж байгаа аж.
Дөрөвдүгээрт, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлж, хэрэгжилтийг хангах. Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог сайжруулах, санхүүгийн салбар дахь маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн энэ хүрээнд Монгол Улс Банкны харилцагч буюу хэрэглэгчийг хамгаалах хуулийн зохицуулалттай болохыг зорьж буй.
Тавдугаарт, банкны салбарын “Чанаргүй активыг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх.