Олон улсын дугуйн холбоо /UCI/-ны зэрэглэлд багтдаг “International Tour De Banyuwangi Ijen” дугуйн олон өдрийн уралдаан өчигдөр Индонезид эхэллээ. Өчигдөр явагдсан эхний гараанд Малайзын “Trengganu Cycling Team”-д уралддаг ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлсэн байна. Тэрээр 133.2 км замыг 3:03.36 цагт туулжээ.

Хоёрдугаар байрт Японы “UKYO Team Japan” багийн дугуйчин Робби Хаккер, гуравдугаар байрт Малайзын “Sapura Cycling Team” багийн Жессе Эварт нар орсон байна.

Өнөөдөр тэмцээний хоёр дахь гараанд дугуйчид  Тегалдлимо-Банювангийн хооронд 148.2 км замд уралдана. Б.Марал-Эрдэнэ энэ уралдаанд тэмцээнийг тэргүүлэгчийн хувиар шар цамц өмсөж уралдах юм.

Тэмцээн нийт дөрвөн гараатай бөгөөд энэ сарын 28-нд ялагчийн нэр тодорно.