ОУВС: Зургаа дахь шатны үнэлгээг эцэслэхийн тулд санхүүгийн салбарын шинэчлэлийг дуусга

Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” шинэчилсэн тайлангаа таницуулахдаа ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилт удааширч, зогсох аястай байгаа нь Монгол Улсын эрсдэл болж байгааг дурдлаа. Түүнчлэн зургаадахь шатны санхүүжилт хугацаанаасаа  хойшилсноос үүдэн хөтөлбөр зогссон талаарх мэдээлэл ч байгаа юм. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой ямар нөцөл байдал байгааг хүргэе.

Төв банкнаас банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж, шалгалтын үр дүнд дараагийн шатны санхүүжилт шийдэгдэх тухай өнгөрсөн зургаадугаар сард ОУВС-гийн зүгээс хэлж байв. Тодруулбал,  ОУВС-гийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “Төв банкны шалтгалтын дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байвал Захирлуудын зөвлөлд асуудлыг оруулаад санхүүжилтийг олгоно. Энэ шалгалт хүлээгдэж байгаа учраас нэлээн олон үнэлгээ хойшлогдсон. Тиймээс хоёр үнэлгээг хамтатгаад хийж болно. Товчхондоо, ОУВС-гаас орох бүх санхүүжилтийг олгоно. Гэхдээ хөтөлбөрийн анх тохирсон хэмжээг гүйцээж, хугацаандаа бүх санхүүжилтийг олгож чадахгүй болов уу гэж бодож байгаа” гэсэн юм. Харин Төв банкны зүгээс шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон тухай хэлсэн. Ингэснээр санхүүжилт орж ирэх хөтөлбөр цаашид ямар нөхцөл байдлаар үргэлжлэх нь тодорхойгүй болсон.

Тэгвэл өнгөрсөн долоон хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, зургаадугаар сарын 19-28-нд тус сангийн ажлын хэсгийн Дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсад хийсэн хэлэлцээрийг дүгнэв. Ингэхдээ  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээг эцэслэх боломжтой болгохын тулд санхүүгийн салбарын шинэчлэлийг дуусгах арга хэмжээ авахыг эрх баригчдад сануулсан юм.

Энэ бол санхүүжилт удаж байгаатай холбоотой шалтгаан. Тэгвэл хугацаа дуусахад нийт санхүүжилт олгогдоогүй байвал яах вэ. Энэ асуултад  Жэфф Готтлийб  “2020 оны тавдугаар сар гэхэд олгогдох ёстой санхүүжилт бүрэн олгож дуусаагүй байвал Монгол Улсад хоёр сонголт үлдэнэ. Нэг нь хугацааг уртасгах. Эсвэл дахин шинээр хөтөлбөр тохирох” гэсэн юм.

Энэ талаар эргэн мэдээлэхэд, хөтөлбөрийн өөрийнх нь дуусах гэрээт хугацаа 2020 оны тавдугаар сар. Харин хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар. Үүний хоёр орчим тэрбум нь БНХАУ-ын Ардын банкинд Монгол Улсын төлөх ёстой зээл. Монгол Улс дээрх хэмжээтэй дүйх юанийг тус банкнаас зээлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд төлөх ёстой байсан ч нөөц мөнгө байгаагүй тул өр хүлээгдэж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийн төлөх хугацааг гурван жилээр сунгасан. Үлдсэн гурван орчим тэрбум ам.доллар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ төсвийн болон төслийн дэмжлэгээр орж ирэх юм. Тэгвэл ОУВС-гаас манай улсад хөнгөлөлттэй зээлээр 443 орчим сая ам.долларын санхүүжилтийг олгохоор тохирсон. Одоогоор манай улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)