Өндөр гэгээн Занабазартай холбоотой шинэ олдворуудыг дэлгэнэ

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс санаачилан эрхэлж Монголын үндэсний музейд есдүгээр сарын 27-ны баасан гарагт нээлтээ хийнэ.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш  Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ. Тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа олон түмэндээ энэхүү цогц үзэсгэлэнгээр тайлагнаж буй юм.

Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой  10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болжээ. Богд хааны Ордон музейн сан хөмрөгөөс алдарт ногоон дара эх 300 жилийн тэртээд хамт байсан язгуурын 1000 бурхадтайгаа нэгэн дор чуулах гэж байна. Мөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг үзэсгэлэнд дэлгэн сонирхуулах төдийгүй Европд хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлүүдийг дэлгэн үзүүлэх гэнэ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хийдийн загвар макет, сэргээсэн зураг, дэвсгэр зураг, танилцуулга, Өндөр гэгээний он цагийн дарааллыг харуулахаар болжээ. Түүнчлэн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзүүлэх аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Бурхан Халдуны орой дээрх асар том цогцолборт булшийг хэзээ малтах вэ? Тэнд Чингис хааны булш байх магадлал 90 хувь бий гээд байгаа. Мөн, 2-3 өөр хааны булш ч бий гэх. Амьд байгаа дээрээ өвөг дээдсийнхээ яг ямар зүс царайтай байсан, яг юу эдэлж хэрэглэж явсан зэргийг харчихаад үхмээр байдаг. Тэгвэл, ядахнаа монголчууд бидний эх түүхээрээ бахархах бахархал жинхэнэ утгаараа нэмэгдэж хойд насандаа баталгаатай Монгол улсдаа дахин төрөх шийдвэрээ гаргачихмаар байдаг. Тэгэхгүй бол Мозамбикт ч төрж магадгүй болчоод байна.

    2 0 Хариу бичих
    • бурхан халдунд халдвал ёстой мозамбикт төрөх байх .

      2 0
    • дуу чамаас цаадахид нь ч үзүүлэхгүй ёстой.

      0 0