Францын хөлбөмбөгийн дээд лиг “Лиг1”-ийн долдугаар тойрогт “Монако” баг “Ницца”-г 3:1-ээр хожлоо. “Монако”-гийн орос легионер Александр Головин энэ тоглолтод хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалтыг өгчээ. ДАШТ-д гялалзсаныхаа дараа олон том багуудыг араасаа гүйлгэж, 30 сая еврогоор “Монако”-д очсон түүний хувьд Францын багтаа хийсэн хамгийн гялалзсан тоглолт нь энэ байв.
А.Головин эхлээд 29 дэх минутад Фабрегасын дамжуулалтаар эхний гоолыг оруулсан. Энэ нь Фабрегасын хувьд “Монако”-гийн төлөө өгсөн анхны дамжуулалт байсан юм. Дараа нь Головин 74 дэх минутад Ислам Слиманигийн дамжуулалтаар гоолдож дубль хийсэн. Эдгээр гоолууд түүний хувьд энэ улирлын анхны, “Монако”-д ирснээсээ хойш оруулсан тав, зургаа дахь нь байсан юм. Харин дараа нь 80 дахь минутад Виссама Бен-Йеддерт гоолын дамжуулалт өгч хожлоо баталгаажуулжээ.