Улсын дээд шүүх сүүлийн үед зөвхөн улс төрийн нам бүртгэх тухай асуудал л хэлэлцдэг болов. Есдүгээр сар гарснаас хойш л гэхэд долоон намын асуудлыг хэлэлцэж, хоёрыг нь бүртгээд байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр Үйлдвэрчний эв нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Баяраа  нарын хүсэлтийг хэлэлцсэн юм. Харин хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр тус намыг бүртгэхээс татгалзлаа. Энэ сарын 12-нд Ёс зүй намыг Улсын дээд шүүх бүртгэж авснаар Монгол улс улс төрийн 35 намтай болсон. Гурван сая гаруй хүн амтай, сонгуулийн насны хоёр сая гаруй иргэнтэй манай улсад 35 нам гэдэг дэндүү олонд тооцогдоно. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байгаа ч энэ олон нам 100 ямаанд 60 ухна гэдэгтэй адил боллоо.

Ээжлит сонгууль бүрийн өмнө улс төрийн намууд шинээр байгуулагддаг бичигдээгүй хууль бий. Энэ хууль 2020 оны сонгуулийн өмнө ч үйлчилж байгаа нь энэ. Өмнөх сонгуулиудын өмнөхөөс ч олон нам байгуулагдаж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, хоёр том нам гэгддэг МАН, АН-д итгэх олон нийтийн итгэл буурсан. Саяхан явуулсан нэгэн судалгааны дүнгээс харахад энэ хоёр намын авсан санал нийлээд 40 хувьд ч хүрэхгүй байна. Ийм учраас улс төрд хүчээ үзэх сонирхолтой хүмүүс найдлага тээн шинээр нам байгуулж байгаа юм. Мөн улс төрийн нам байгуулж зөвхөн мөнгө олох хүсэлтэй хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Сонгууль явуулахаас өмнөх зургаан сарын дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намыг сонгуульд оролцуулдаггүй хуулийн зохицуулалттай. Тиймээс он гарахаас өмнө Улсын дээд шүүх нам бүртгүүлэх хүсэлтэд дарагдсаар л байх болов уу.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал дахин шинээр нам байгуулагдахгүй байх магадлалтай

Ээлжит сонгуулийн өмнөх жил улс төрийн нам олноороо бүтгүүлдэг бичигдээгүй хууль үйлчилж байгаагаас гадна бичигдчихээд байгаа, батлагдах магадлалтай нэг хууль нам байгуулах хүсэлтэй хүмүүсийг улам яаруулж байна. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхэд “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт орсон. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал улс төрийн нам шинээр байгуулахад хэцүү болно. Одоо бол сонгуулийн насны 800-гаас дээш иргэний гарын үсэг цуглуулаад л нам байгуулж байгаа. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал сонгуулийн насны иргэдийн нэг хувь буюу 21 мянга 120 хүний гарын үсэг цуглуулж намаа бүртгүүлэх шаардлагатай болно. Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлж байгаар өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая 109 мянган иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд ирэх аравдугаар сар гэхэд энэ тоо хоёр сая 112 мянгад хүрэх юм байна. Сонгуулийн насны нийт иргэдийн нэг хувиар гарын үсэг зуруулж нам байгуулдаг болбол хүн ам өсөхийн хэрээр нам байгуулах шалгуур улам өндөрсөнө гэсэн үг. Мөн манай улс одоогоор улсын төрийн намын хатуу гишүүнчлэлтэй байх хуулийн зохицуулалттай. Энэ бүхнээс үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан тохиолдолд дахиж шинээр нам байгуулагдахгүй байх магадлалтай. Харин түүнээс өмнө хэчнээн нам байгуулагдахыг таахын аргагүй. Одоогийн байдлаар 35 намтай болсноос гадна материалын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар Улсын дээд шүүхээс буцсан нам олон бий. Тэд дахин Дээд шүүхэд хандах нь ойлгомжой.