Томуугийн дэгдэлт эхлэхээс урьтаж вакцинжуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Хувийн эмнэлгүүд томуугийн вакцин хийгээд эхэлсэн бол ХӨСҮТ-өөс ирэх сараас эхлэн 40 мянган хүн тун вакциныг хийж эхэлнэ.

Хувийн эмнэлгүүд томуугийн вакциныг 35-80 мянган төгрөгөөр хийж байна

Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас 159 гаруй мянган хүн тун вакцин, Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад 89 мянган хүн тун вакцин гээд нийт 240 мянган орчим хүн тун вакцин авна. Эхний ээлжид зорилтот бүлэг буюу  0-5 насны хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудад хийх юм. Мөн сайн дурын вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй иргэдэд хийнэ. Энэ жилийн томуугийн вакцины үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч өнгөрсөн жилийн 15 мянган төгрөгийн түвшинд байна гэсэн хариултыг албаны хүн өгч байна.

Хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг 35-80 мянган төгрөгийн хооронд хийж эхэлжээ. Томуугийн вакцины найрлага тухайн бүс нутгаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Манай улс сэрүүний бүс нутагт ордог учраас тухайн бүс нутагт зөвлөмж болгосон вакциныг л авч хэрэглэдэг. Чанарын хувьд улсын ХӨСҮТ-д хийгдэх вакцин хувийн эмнэлгүүдтэй адил, шингэсэн өртгийн зардлаараа үнийн зөрүү байгаа гэдгийг албаны хүн хэлж байна.

ДЭМБ-ын зөвлөсөн томуугийн вакциныг авч хийдэг учраас улсын болон хувийн эмнэлгийн томуугийн вакцинууд адилхан

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Томуугийн вирус маш олон хэв шинжтэй байдаг. Тухайн вирусын хүн амд зонхилон тохиолдож байгаа гурван хэв шинжийн вирусыг агуулсан вакциныг тухайн жилд нь ДЭМБ зөвлөдөг. Энэ зөвлөмжийн хүрээнд тэрхүү вакциныг авч хийж байгаа учраас томуугийн вакцинууд адилхан” гэв.

Томуу өвчнөөс сэргийлэх зорилгоор иргэдийг жил бүр сайн дураар вакцинд хамруулдаг. Гэвч эцэг эхчүүдийн дунд бага насны хүүхдэд томуугийн вакцин тарих нь дархлаанд сөрөг нөлөөтэй, огт ханиад хүрэхгүй байх уу гэх зэрэг эргэлзээ байдаг. Тэгвэл үүнийг дархлаа судлалын мэргэжилтнүүд үгүйсгэж байна.

Томуугийн эсрэг вакцин нь хүний биеийн дархлааг дэмжих зорилготой юм. Өөрөөр хэлбэл вакциныг амьд вирусээр бүтээж, үүгээр дамжуулж тухайн хүний биенд дархлаа үүсгэдэг. Харин жил бүрийн хоёрдугаар сард ДЭМБ-аас томуугийн эсрэг вакцинд орох вирусын найрлагад зөвлөмж хүргүүлдэг байна. Энэ дагуу тухайн жилд дэгдэж болзошгүй 3 вирусын омгоор вакциныг бүтээдэг. Вакциныг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтож, томуугаас хамгаалдаг. Томуу төст өвчин томуу хоёр нь хоёулаа вирусээр үүсгэгддэг  ба эхний хэд хоногт ижил шинж тэмдэг илэрдэг. Тодорхой хугацааны дараа  үүсгэгч вирусээсээ шалтгаалан өөр өөр хэлбэрээр илэрдэг. Томуугийн вакцин хийлгэснээр томуу өвчнөөс өөрийгөө нэг жил хамгаална.

Одоогоор томуугийн вирус бүртгэгдээгүй байна

Томуугийн вакциныг хувийн эмнэлгүүд эрт хийж байхад улсын эмнэлэгт ирээгүй байна гэх гомдол эцэг эхчүүдийн дунд байдаг. Тухайн жилийн томуугийн вакцинд агуулагдах омог нь 2-3 сард зарлагдаж, вакциныг үйлдвэрлэхэд 6 сарын хугацаа зарцуулдаг байна. Улсын эмнэлгийн хувьд их хэмжээний тун вакцин захиалдаг болохоор хувийн эмнэлгээс цаг хугацааны хувьд хоцордог аж. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш хүүхдүүдийн дунд ханиад ихсэж, вирусын гаралтай ханиад их байна гэж эцэг эхчүүд ярьж байгаа ч одоогоор томуугийн вирус бүртгэгдээгүй гэж эмч нар хэллээ.

ЭХЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн эрхлэгч Б.Бат-Амгалан “Одоогоор томуугийн вирусээр үүсгэгдсэн өвчин илэрсэн гэх мэдээлэл алга. Эмнэл зүйгээр бид эмчилгээгээ заахдаа гар, хөлөөр тууралт гараад байвал интервирус ч юм уу, хүүхэд бөөлжиж, суулган өндөр халуурах юм бол ротовирусын гаралтай гээд тогтоогоод явдаг. Хүмүүс вирусын гаралтай гэж үзээд байгаа шалтгаан нь хурдан эхэлж өндөр халуурдаг учраас ийнхүү ярьдаг байх. Түүнээс биш одоогоор томуугийн вирус илэрсэн зүйл байхгүй” гэв.

ЭХЭМҮТ-ийн ЯТТ-д ажлын өдөр 250-300, амралтын өдөр 350-400 хүүхэд үзүүлдэг байна. Томуугийн дэгдэлт жил бүрийн аравдугаар сарын сүүл арваннэгдүгээр сарын эхээр идэвхэждэг болохоор одоогоос хүүхдийнхээ дархлааг дэмжиж, хувийн ариун цэвэр сахих, шаардлагатай гэж үзвэл томуугийн сайн дурын вакцинжуулалтад хамрагдаж болох юм.