“Нурсултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Монгол улсын дөрвөн тамирчин өнөөдөр дэвжээнд гарлаа. Тодруулбал, 61 кг-н жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, 79 кг-н жинд УАШТ-ий 14 удаагийн медальт тамирчин Д.Гомбодорж, 86 кг-н жинд О.Үйтүмэн, 97 кг-н жинд Ө.Батзул нар зодоглосон.
Ө.Батзул Казахстаны бөхөд оноогоор цэвэр ялагдав

97 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул 97 кг-ын жинд 1/4 шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээний аварга эзэн орны Алишер Йергалид оноогоор цэвэр (0:10) ялагдав. Уг нь түүнийг ялсан бол манай бөх олимпийн эрх авах байсан юм.
ОУХМ Ө.Батзул эхлээд гоц мөргөсөн. Тэгвэл 1/8 шигшээд Азийн аваргын нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Кыргызстаны туршлагатай бөх Магомед Мусаевтай хийлээ. Тус барилдаанд манай бөх 4:4-өөр бүхэл оноогоор яллаа. Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт эзэн оны Алишер Йергалитай хүч үзнэ.
Д.Гомбодорж Словакийн бөхөд ялагдлаа

79 кг-ын жинд ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхний даваанд БНХАУ-ын Лин Зепинийг 11:8-аар ялаад байсан. Тэрээр 1/8 шигшээ барилдаанаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Хойд Осетоос гаралтай Словакийн Таймураз Салказановтой хийж 1:2-оор ялагдлаа.
Т.Түвшинтулга Идрисовт 1:4-өөр ялагдав

61 кг-ын жинд эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялаад байсан “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөх өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.
О.Үйтүмэн польшийн бөхөд сүүлийн оноогоор ялагдлаа

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Оргодолын Үйтүмэн өнөөдөр манай бөхчүүдээс эхний барилдааныг хийлээ. Тэрээр энэ жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскид 3:3-аар сүүлийн оноогоор дийлдлээ.