Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргаж байна.
МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:
Монголын тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа”-г хамтын хүчин чармайлтад суурилан Энэтхэг, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал болоод бүхий л улсад хүртээмжтэй хөгжил цэцэглэлийг авч ирэхэд чиглэсэн хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хувьсан өөрчлөгдөж буй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь интеграцчлал, түүний дотор Зүүн Азийн дээд түвшний уулзалтад идэвхтэй оролцох сонирхлоо нотлов.
Талууд чөлөөтэй, нээлттэй, хөгжингүй бөгөөд хүртээмжтэй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг нь тус бүс нутгийн бүх орны төдийгүй дэлхий дахины урт хугацааны эрх ашигт нийцнэ гэдэгт санал нэгдэв.
Цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх, батлан хамгаалах салбарын ажилтан, албан хаагчдыг сургах зэргээр Монголын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэхэд энэтхэгийн талаас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад монголын тал талархал илэрхийлэв. Энхийг сахиулах чиглэл дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо монголын тал илэрхийлэв.
Энэтхэгийн тал түүхий эдийн тээвэрлэлтийн арга хэрэгслийг Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусгавар болохоос өмнө эцэслэсэн байх нь чухал болохыг дахин онцлов. Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд түүхий эд тээвэрлэлтийн арга хэрэгслийг эцэслэн шийдвэрлэж ашиглалтад оруулсан байх нь нэн чухал гэдэгт Монголын тал санал нэгдэв.
Талууд энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.
Хоёр орны хоорондох соёл иргэншлийн хэлхээ холбоог тодорхойлох судалгаа хийж, дэлхий дахинд сурталчлахаар хоёр тал тохиров.