ОУЖБХ-ны Гран при ангиллын тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна. Манай улсаас энэ тэмцээнд эрэгтэй дөрөв, эмэгтэй таван тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр хөнгөн таван жингийн /эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг/ барилдаан болж, 52 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Хорлоодой алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

60 кг-д барилдсан улсын аварга Ж.Амарболд, 66 кг-д барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 48 кг-д өрсөлдсөн Г.Наранцэцэг нар медалийн төлөө гарч ирж чадсангүй.

Б.Хорлоодой Казахстаны Нурсулу Ералиева, Азербайжаны Гутаж Маммадалиева, Израилийн Гефен Примо, Мароккогийн Соумия Ираоуи нарыг ялж шигшээд шалгарсан байна. Алтан медалийн төлөө Риогийн олимпийн мөнгөн медальт Жон Бо Кеонтой барилдана.