Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сан хамтран шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулан хэрэгжүүлсэн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа-албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийн үр дүнг танилцуулах, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хохирогч төвтэй стратеги хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, албан хаагчдын энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уг төсөл 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд 2 жил 5 сарын хугацаанд амжилттай хэрэгжжээ.

Төслийн хүрээнд Шүүгч, Прокурор, Цагдаа, Хил хамгаалах, Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын хамтарсан сургалтуудыг зохион байгуулж, сургалтын гарын авлагыг модуль хэлбэрээр гаргаж, 6 прокурорыг сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд Улаанбаатар хот, аймгуудыг бүсчлэн 10 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 96 прокурорыг хамруулсан байна.