Автотээврийн үндэсний төвөөс “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийт 61 аж ахуйн нэгж байгууллагаас 60-ыг хамруулж хяналт, шалгалт хийжээ. Тодруулбал, улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 61 ААНБ-ын 728 тээврийн хэрэгслээс 488 тээврийн хэрэгсэл буюу 67 хувийг хамруулснаас 55 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.
Шалгалтад Улаанбаатар хот болон орон нутгийн салбар төвүүдийн тоног төхөөрөмж, барилгын сантехник, дулаан, цахилгааны шугам, сүлжээний засвар, дулаалга, үйлчилгээг хийлгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 29 салбарыг хамруулжээ.

Энэ хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлтийн явцад зорчигч болон иргэдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байршил тогтоох төхөөрөмжийн тусламжтайгаар 24 цагийн турш хяналт тавьж, шуурхай зохицуулалтаар ханган ажиллаж байна.
“Цаг уур, орчны шинжилгээний газар”-тай байгуулсан гэрээний дагуу “Автозамын дагуух цаг агаарын 4 хоногийн урьдчилсан мэдээ”-г долоо хоног бүрт хоёр удаа улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлдэг. Ингэснээр тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч болзошгүй саатал, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна цаг агаар хүндэрсэн үед хаагдаж, боогддог зам даваануудын судалгааг гаргаж “Онцгой байдлын ерөнхий газар”, ЗТХТөв, орон нутгийн АЗЗА-тай хамтран зорчих хэсгийн бэлэн байдлыг хангуулан ажиллаж байгаа гэв.