НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр хэвлэлийн мэдэгдэл нийтэлж, сүүлийн үед Афганистанд гарсан олон удаагийн террорист халдлагын хэргийг “хамгийн хатуу үгээр” зэмлэн буруушаасан байна. Мөн хохирогчдын ар гэрийнхэн, Афганистаны засгийн газарт хандан гүн эмгэнэл илэрхийлж, зовлонг нь хуваалцаж байна гэжээ.

Аюулгүйн зөвлөл мэдэгдэлдээ, террорист халдлага хийсэн, зохион байгуулсан, хөрөнгөөр тусалсан, дэмжсэн этгээдүүдийг хуулийн дагуу заавал хатуу шийтгэх хэрэгтэй. Олон улсын хууль, Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрт тогтоосон үүрэг хариуцлагыг мөрдөн, Афганистаны засгийн газар болон бусад холбогдох талтай идэвхтэй хамтран ажиллахыг аливаа улс оронд уриалж байна гэсэн байна.

Энэ сарын 19-нд Афганистаны өмнөд нутгийн Забул мужийн төв Калат хотод автомашинд тээсэн тэсрэх бодис дэлбэлсэн халдлагын хэрэг гарсны улмаас 15 хүн нас барж, 66 хүн шархаджээ. Мөн энэ сарын 17-нд, Афганистаны зүүн нутгийн Парван муж болон нийслэл Кабулд гарсан халдлагын улмаас нийт 46 хүн нас барсан байна. Энэ гурван удаагийн халдлагын хэргийг үйлдсэн хэмээн Афганистаны "Талибан" бүлэглэл мэдэгдсэн юм.