Намрын илүү дунд сар хуучирлаа. Удахгүй намрын адаг сарын хүйтэн хяруу цавцайна. Өвөлжилтийн бэлтгэл ажил хөдөө, хотгүй өрнөж байна. Зэрэгцээд бүтээн байгуулалтын ажил гэнэт эрчимжив. Энд тэнд газар ухаж, нүх малтан шороо овоолж, явган болон авто замуудыг байсхийгээд хааж, гэрэл цахилгааныг хүртэл үе үе хязгаарлаж байна. Хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний нягтрал нэмэгдэн хотын замын түгжрэл оргилдоо хүрч байгаа энэ үед ийм “оройтсон бороо” олны уур бухимдлыг барах нь их. Зуны дэлгэр цагт хийж байхгүй, намар болохоор ухаан орсон юм шиг ухаж төнхөөд эхлэх юм гэсэн шүүмжлэл хаа сайгүй.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ингэж цагийг нь тулган халтуурдан гурилдах нь нийгэмд хортой, нийтэд уршигтай. Харин богино хугацаанд ажлаа хагас хугас гялалзуулж, мөнгөө бүтнээр нь авах компаниудад л ашигтай байдаг биз.

Нөгөө талаар бүтээн байгуулалтын тендерүүд зарлагдаж, ялагч тодорч, ажил нь эхлэх гэсээр байтал зуны сарууд дуусдаг гэм бас бий. Хэрвээ тендерт оролцоод ялагдсан аж ахуйн нэгж гомдол гаргачих юм бол уг ажил шүүхийн процессыг хүлээн хоёр сар таг гацна. Тэгээгүй байлаа ч хэн нэгэн эрхтэн дархтан аливаа тендерийг гацааж, удааж, нөлөөллөө оруулахыг оролддог нь гэм биш зан.

Бүтээн байгуулалтын ажлын төсөв хөрөнгө нь шийдэгдчихээд байхад зураг төсөл нь хийгдээгүйгээс мөн цаг хугацаа алддаг жишээ олон. Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийн хоёр давхар барилга барих тендер зарлагдан ялагч нь тодорсон ч зураг төсөл огт байгаагүйгээс гурван давхар барилга барьчихсан инээдтэй, эмгэнэлтэй жишээ ч бий.

Сэрүү орохоор сэрж, өвөл болохоос өрсдөг бүтээн байгуулалтуудын чанар чансааны талаар яриад ч хэрэггүй. Хорин жилийн өмнө тавьсан Нарны зам эвдрэл багатай байхад хоёр гуравхан жилийн өмнө “косметик” засвар хийсэн замууд өнөөдөр нидрүүлэг, гудруулаг болчихоод байгаа нь өнөө л бушуу  туулай борвиндоо баастайн үлгэр, яарвал даардгийн жишээ.

Зам, барилгын ажил тодорхой норм, стандарттай. Түүнийг нь баримтлахын тулд цаг хугацаа ч их орно. Гэтэл зунжин сул зогсчихоод намрын сарын дундуур сая нэг юм ажлаа эхэлж стандарт, технологийн дүрэм, горимыг нь зөрчин бүтээн байгуулалтын ажил хийдэг жишиг манайд тогтжээ. Дээр нь улстөрчид, дарга даамлууд тууз хайчлахын тулд бүтээн байгуулалтын ажлуудын цаг хугацааг наашлуулах үүрэг даалгавар өгдөг тал ч бий. Энэ бүхний эцэст төсвийн хөрөнгө үр ашиггүй урсч, бүтээн байгуулалтын ажил хагас дутуу, хам хум хийгдэнэ. Оройтож эхэлсэн ажил доройтож дуусна. Гэвч дарга нар сайхан ярьж, тууз хайчлана. Бүтээн байгуулалтын ажлыг ингэж гурилдчихаад “Хонь бүрэн, чоно цатгалан” гэгчээр гүйцэтгэгч нь баяжиж, захиалагч нь зальдаж үлддэг байдал нийтлэг хэв шинж болжээ.

Энэ жилийн бүтээн байгуулалтын ажлуудаас л гэхэд өчигдөр оройн 23 цагаас өнөөдрийн 23 цаг хүртэл Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замыг бүрэн хааж “Сэлбэ”, “Чингэлтэй” дэд бүтцийн төвүүдийг холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажлыг хийх юм байна. Тэгэхээр өнөөдөр Чингэлтэй, Хайлааст болон зуслангийн  чиглэлд явахын тулд Дарь-Эх, Дамбадаржаагаар тойрч, авта замын түгжрэл ихсэх нь тодорхой. Зуны дэлгэр цагт хүн бүр хөдөө гадаа аялж зугаалахаар явчихсан, хичээл сургууль амарсан үед ажлаа хийж, зам хааж болоогүй л юм байх даа.

Ийм томоохон гол замуудыг хааж боож байгаагаас гадна гэр хороолол, орон сууцны хорооллууд дунд зам хааж, шугам сүлжээний нүх ухаж байгаа ажлууд цөөнгүй. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам удааширч энэ жил ашиглалтад орох  боломжгүй болж байгаа, Налайхын шинэ авто зам цаг агаарын нөхцөл байдлаас гэдэг  шалтгаанаар бүтээн байгуулалтын ажил нь арваад хувийн хоцрогдолтой яваа гэсэн мэдээлэл байна.

Авто зам шиг хүн бүрт сайн муу нь мэдэгдээд, олон нийтийн хараанд өртөөд байдаггүй барилгын бүтээн байгуулалтын ажлууд мөн л удаашралтай байгаа аж. Ганц жишээ дурдахад Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “Нэхмэлийн шар” гэгдэх байрын дахин  төлөвлөлт бүтээн байгуулалттын ажилтай танилцахад зарим ажил нь төлөвлөгөөнөөсөө хоёр сараар хоцорч яваа нь тогтоогджээ.

Шинээр баригдаж буй барилгыг инженерийн шугам сүлжээгээр хангах ажлыг хоёр жилийн өмнө эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нд хүлээлгэн өгөх байсан ч ийнхүү хоёр сараар хойшлогдохоор болсон аж. Газар хөлдсөн хойно инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ гэсэн үг. Энэ мэтээр урин дулааны улиралд назгайрч, задгайрсан ажлууд намрын сэрүү ормогц гэнэт эрчимжиж байна. Хөдөө орон нутагт ч ийм жишээ олон. Дорнод аймгийн Матад суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг "Хөвсгөл геологи" гэгч компани барихаар 2018 онд тендерт ялж, ажлаа эхэлжээ. Уг барилга 2019 оны наймдугаар сарын 20-нд барилга угсралтын ажил нь дуусч ашиглалтад орох ёстой ч өнөөдөр цутгасан сууринаас өөр ажил хийгдээгүй байгаа гэнэ. Бүтээн байгуулалтын ажлыг ингэж унжруулж сунжруулж, он он дамнуулан төсвөөс мөнгө авч, жил ирэх тусам материалын зардал өссөн гэх мэт шалтгаанаар анхны хөрөнгө оруулалтын хэмжээгээ хэд дахин нэмэгдүүлдэг башир аргад компаниуд гаршсан гэдэг.

Хариуцсан график төлөвлөгөөний дагуу хийдэггүй, цагийг нь тулгаж халтуурдаж, нүд хуурч сурсан компаниудыг “Хар жагсаалт”-ад оруулж цаашид тендерт оролцуулахгүй байх ёстой. Төрийн байгууллагын тендер шалгаруулалт ч гэсэн чөдөр тушаа, чагт гацаа ихтэйгээс бүтээн байгуулалтын ажлууд бүтэн биш хагас хугацаанд дутуу, чанаргүй хийгдэж байгааг өөрчлөх цаг болжээ.