Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Нена Стойлжкович Монгол улсад анх удаа албан ёсны айлчлал хийжээ.

Хоёр өдрийн албан ёсны айлчлалын хүрээнд хатагтай Стойлжкович нь Засгийн газар, санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд болон хувийн хэвшлийн манлайлагчид нартай уулзах ба хөгжиж буй орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.

“Монгол улс нь өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой ба тулгарч буй бэрхшээлүүд болон хөгжлийн боломжууд нь ч гэсэн дахин давтагдашгүй өвөрмөц юм” хэмээн хатагтай Стойлжкович хэлжээ. 1997 оноос хойш ОУСК нь Монголд эрүүл мэнд, банк санхүү, зочид буудал, уул уурхай, үйлчилгээний салбаруудад нийт 35 төсөлд зээл, санхүүжилт олгосон байна.

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд, Олон улсын санхүүгийн корпорациас Монгол улсад нийтдээ 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.