Нийслэлийн 169 хороонд "Соёлын элч" ажиллуулна

Нийслэлийн бүх хороонд "Соёлын элч" ажиллуулахаар болж сонгон шалгаруулалт зарлажээ. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч”  ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан байна. 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх юм. “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 07-ны өдрийг дуустал дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгэж байна. Хорооныхоо нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хотын соёлыг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн хэн боловч "Соёлын элч"-ид нэрээ дэвшүүлэх боломжтой юм байна. 

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)