Авигдор Либерман.
Израилийн “Израиль-Бидний гэр” намын дарга, Авигдор Либерман сөрөг хүчний удирдагч Бенни Ганзыг Ерөнхий сайд болохыг дэмжинэ гэж мэдэгдлээ. Тэрээр дэмжигчдэдээ хандаж Бени Ганзыг дэмжихийг уриалсан байна.
Ингэснээр Израилийг улс төрийн гацаанд оруулаад байсан гол бэрхшээл шийдэгдэж, сөрөг хүчний лидер Бени Ганз тэргүүлсэн Засгийн газар байгуулагдах нөхцөл бүрджээ.
Израильд болсон Парламентын сонгуулиар Бени Ганзын “Каха Лаваль” нам 33 суудал авсан бөгөөд зүүний үзэл баримтлалтай намуудынхаа бүх суудлыг нэгтгэхэд 56 суудалтай болж байгаа юм.

Бени Ганз, Беньямин Нетаньяху.
Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн “Ликуд” нам барууны үзэл баримтлалтай, өмнө нь хамтарч байсан уламжлалтай “Ямина”, “Нэгдсэн Тора Иудаизм”, шашны ШАС намуудыг нэгтгэхэд 55 суудалтай болсон юм. Засгийн газар байгуулахад доод тал нь 61 суудал мхэрэгтэй байсан бөгөөд хоёр том намын аль аль нь шаардлага хангаагүй тул Авигдор Либерманы “Израиль-Бидний гэр” /найман суудалтай/, араб оршин суугчдын төлөөлөл /13 суудалтай/ ямар сонголт хийхээр Засгийн газрын хувь заяа шалтгаалах болоод байв.
Энэ эгзэгтэй үед Б.Нетаньяху Бени Ганзад хандаж араб иргэдийн төлөөлөлтэй хамтрахгүй байхыг уриалснаар Засгийн газрыг хэн тэргүүлэх нь А.Либерманы гарт ирсэн юм. Харин А.Либерман Б.Ганзыг сонгосноор Засгийн газрыг Бенни Ганз тэргүүлэх нь тодорхой болж байна.
Израилийн улс төр дэх Б.Нетаньяхугийн халаагүй засаглал ийнхүү төгсгөл болж байна. Тэрээр 1996-1999 онд анх Ерөнхий сайдаар ажилласан сүүлд 2009 онд дахин Засгийн газрыг тэргүүлснээсээ хойш халаагүй засаглаж байсан юм.