Замын цагдааг мөргөж гэмтээсэн хэргийг хуулийн дагуу шалгаж байна

Энэ сарын 16-19-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1179 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 844-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 4  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртжээ. 

Түүнчлэн энэ сарын 18-ны өдөр 21:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Нарны зам, “Monnis” төвийн зүүн уулзварт "Toyota Aqua" автомашины жолооч А нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б-г мөргөж гэмтээсэн хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа аж. 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал, энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дарь-Эхийн зам, Бэлхийн 11-р гудамж 237 тоот хашааны урд замд Toyota Prado автомашины жолооч О нь  явган зорчигч 42 настай, эмэгтэй Н мөргөж амь насыг хохироосон.

Энэ сарын 18-нд Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын Хужхан баг “Огзмын ам” гэх газар асфальтан замд Toyota Prius Г жолоочтой автомашин онхолдож, 29 настай, эрэгтэй Гнас барсан.

Түүнчлэн энэ сарын 18-нд орон нутагт буюу Төв аймгийн Аргалант сумын шороон замд улсын дугааргүй Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч Б нас барсан,  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Sonyon” маркийн /24-07БӨЗ/ Халелийн Ахжархын жолоочтой мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч А нас барсан хэргүүд тус тус гарчээ. 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 16, мөргөлдөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүний тоо 34.3 хувиар, нас барсан хүний тоо 42.8 хувиар тус тус буурсан  байна.

Эолооч, зорчигчдыг суудлын бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)