Амьд хүний гэрч болохоос айлгүйгээр шүглээ үлээ

Монголчууд амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэж ярьдаг. Энэ нь гэрч болно гэдэг ямар хэцүү болохыг хамгийн оновчтой бөгөөд товчхоноор илэрхийлсэн хэлц. Уг нь шүүх буруу зөвийг тогтооход гол үүрэг гүйцэтгэдэг, бусдын хувь заяаг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг субъект бол гэрч. Гэвч гэрч болно гэдэг дээрх хэлц үгийн утга шиг хэцүү учраас хүмүүс аливаа гэмт хэргийн гэрч болохыг хүсдэггүй. Гэмт хэрэг хийсэн хүн мэт цагдаагийн газраар байнга орж гарахаас төвөгшөөдөг. Мөн адгийн зарга арав хоног болдог учраас ажилдаа зарцуулах цаг хугацаагаа алдахаас эхлээд гэрч болох хэцүү. Бүр хамгийн хэцүү нь яллагдагч тал гэрчийг хохироох, заналхийлэх, бодит аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс УИХ Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны долдугаар сарын 5-нд баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Гэвч энэ хууль гэрч, хохирогчийг хамгаалахад хангалттай үүрэг гүйцэтгэж чадахгүй байна гэж үзжээ. Тодруулбал, энэ хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан аргачлалын дагуу үнэлгээ хийхэд “Өөрчлөх шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өргөн барилаа.  

Хуулийн төсөлд гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,чиг үүрэг бүхий зөвлөл байгуулах, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмэхээр заажээ. Мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, нийгмийн бусад тусламж үйлчилгээ үзүүлэх, хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн нууцлалыг хангах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа хуулийн дагуу холбогдох бүх байгууллагаас саналыг нь авчээ. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх хамгаалалтын арга хэмжээ авах тохиолдолд тухайн гэрч, хохирогчийн урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авч байх шаардлагатай” гэсэн санал өгчээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг илүү сайжруулж байгаа нь амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг ойлголтыг багасгах, хүмүүс гэрчээр дуудагдахаас айхгүй, төвөгшөөхгүй болгох явдал юм. Мөн энэхүү хуулийн өөрчлөлт нь УИХ-ын даргын санаачлаад буй Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөлтэй уялдаж байгааг Г.Занданшатар дарга хэлж байлаа. Тодруулбал, шүгэл үлээгч, буюу гэрч нь аливаа эрсдэлээс айхааргүй хуулийн хамгаалалттай байх шаардлагатай бөгөөд тэрхүү хамгаалалтыг нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар бий болгох зорилт тавьжээ. Хэрэв энэ зорилт биелэлээ олохын зэрэгцээ Шүгэл үлээгчийн тухай хууль батлагдвал шүгэл үлээгчид амьд хүний гэрч болохоос айхгүйгээр шүглээ зоригтой үлээх биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. тахарын алба хаана байнаа.нямдоржоо

    0 0 Хариу бичих