ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарч медалийн төлөө Ирландын боксчин Курт Уолкертой тулалдаж 5:0-ээр /30:27, 29:28, 29:28, 30:27, 30:27/ илүүрхэн ялж, ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан.
Ази тивийн аварга Э.Цэндбаатарын ДАШТ-ий мөнгөн медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно. Тэрбээр, Узбекистаны тамирчин, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга /56 кг/ М.Миразизбек /Mirzakhalilov Mirazizbek/-тэй тулалдах бөгөөд оройн 19.00 цагаас эхлэх хоёр дахь тоглолт юм.