Д.Мөнгөнчимэг: Монголын зүрх судасны эмч нар нэг баг болсон

Зүрх судасны өвчлөл Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд нас баралтын зонхилох шалтгаан хэвээрээ байна. Тархалтын хувьд ч эмч мэргэжилтнүүдийн санааг зовоосоор байгаа юм. Зүрхний өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, эмчилгээний шинэ арга туршлагаасаа хуваалцдаг Зүрх судасны Үндэсний Конференц өнөөдөр эхэлж байна.17 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэхүү эрдмийн чуулганы өмнө Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, УГТЭ-ийн Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. 

Зүрх судасны Үндэсний конференцид эмч нар нэгдсэнээр ямар ахиц дэвшил гарав.Энэ жилийн чуулганы онцлогоос сонирхуулна уу

- Монгол орны 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа зүрх судасны эмч нар үндэсний конференцид маш идэвхтэй оролцдог.Бид зүрх судасны өвчинтэй тэмцэхэд сургах, суралцахаас гадна харилцаа холбоо тогтоох, хамтарч нэгдсэн удирдамжаар ажиллахад онцгой анхаарч байгаа.Тухайлбал, Монголын зүрх судасны эмч нар нэг баг болж урьдчилан сэргийлэх чиглэлд илүүтэй анхаарч ажилласны үр дүнд сүүлийн 7 жилд нас баралтыг 10 мянган хүн ам тутамд 5.5 нэгжээр буулгаж чадлаа. Энэ бол хурдацтай буурч буй үзүүлэлт. Гэхдээ зүрх судасны өвчлөл 26 жилийн турш монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байсаар байна.Өвчлөлийн тархалтаар ч амьсгалын зам, осол гэмтлийн дараа бичигдэж байна. 

Цаашдаа урьдчилан сэргийлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахыг зорьж байна. Зүрх судасны эмч нар маань улс орны хэмжээнд урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулсан. Ерөөс өвчлөлийг бууруулахад гагц эмч, эмнэлгийн ажилтнууд биш нийгмээрээ санаа тавих цаг болсон. Хүүхэд байхаас нь эрүүл иргэн болж өсөж торниход бэлтгэж, цэцэрлэг сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд ч ажилтнуудаа эрүүл амьдралын хэвшилтэй болгох ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай. 

Энэ жилийн конференцийн бас нэгэн онцлог нь зүрхний мэс заслын 50 жилийн ойд зориулагдаж байна. Мэс заслын салбар гэдэг аливаа улс орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлдог. Тэр дундаа зүрхний мэс заслыг хөгжүүлэхэд өндөр техник технологи, эмчийн ур чадвар, улс орноос нь дэмжлэг шаардана. Хагас зууны хугацаанд энэ салбарыг босгож, нийгмийн шилжилтийн хорь шахам жилд мэс заслын албаны гал голомтыг таслалгүй зүтгэж ирсэн ахмад эмч, мэргэжилтнүүдээр бахархахгүй байхын аргагүй. Люксембургийн зүрхний төв ч манай зүрхний мэс заслыг хөгжүүлэх гэж сүүлийн 10 жил хамтран зүтгэж байна.

- Люксембургийн Засгийн газар гадны улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээсээ хамгийн амжилттай ажиллаж байгаа нь Монгол улсын Зүрхний төв төсөл хэмээн үнэлдэг тухай сонссон

-18 жилийн турш хэрэгжсэн уг төслийн ачаар хөдөө орон нутгийн болон хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нар маш их чадавхжсан.Бараг тэнгэр газар шиг өөрчлөлт гарсан гэж төсөл хэрэгжүүлэгчид маань үнэлдэг.Тухайн үед Люксембургийн зүрхний төвийн эмч нар анх ирэхэд Монголд ажиллагаатай зүрхний эхо аппарат байхгүй, ганц аппарат нь бараг музейд тавигдахуйц хэмжээнд хуучирч үйл ажиллагаа нь доголдолд орсон байв. Зүрхний бичлэгийн аппаратууд нь ч гэсэн алдаг оног ажилладаг, клиникийн төв эмнэлгийн аппарат гэхэд л цаасгүй байх жишээтэй.Орон нутагт байдал бүүр ч дор байлаа.Гэхдээ эмч нар нь бэрхшээл тоочилгүй, ямар ч тоног төхөөрөмжгүй атлаа асар их мөрөөдөл тээж явааг олж харсан гэж Люксембургийн эмч нар маань ярьдаг. Одоо байдал тэс өөр болсон. УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасаг руу ороод харахад л ангиограф 24 цагаар ажиллаж байгааг харж болно. Азид дөнгөж нэвтэрч эхэлж байгаа зүрхний дутагдлын үед булчинг гаднаас нь дэмжиж агшаах төхөөрөмжийг бид ашиглаж байна.Үүнтэй зэрэгцээд эмч нар маань ч хурдтай чадавхжиж, зөвхөн бусдаас суралцах бус өөр орны эмч мэргэжилтнүүдэд заах хэмжээнд хүрлээ. Дөнгөж өчигдөр Парист гарсан эмнэлзүйн удирдамжийг орон нутгийн эмнэлэгт яриад сууж байна гэдэг бол өөрчлөлтийн үр дүн.

Төслийн хүрээнд зайн оношилгоо буюу MnCardio сүлжээнд манай эмч нар нэгдсэнээр орон нутгаас ирдэг шаардлагагүй шилжүүлгийг гурав дахин бууруулж чадлаа.Эсрэгээрээ заавал гуравдугаар шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авах боломжтой өвчлөлийг эрт илрүүлж оношлох явц 2.8 дахин ихэссэн. Үндэсний сүлжээн дээрээ хамт байж биенээсээ суралцсанаар бид дэлхийд гайхуулах зүйлтэй болсон.Одоо Монголын зүрх судасны эмч нар улс даяараа нэг баг хамт олон. 

-Үүнийг дагаад эмч нарын чадавх ч сайжирсан байх

Гаднын эмч нартай харилцах, суралцах тал дээр орон нутгийн эмч нар маань асар ихээр нүүр хагарсан.Гэхдээ хэлний бэрхшээл байгааг үгүйсгэх аргагүй. Энд зориуд нэгэн зүйлийг тэмдэглэж хэлэхэд Монгол улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл мэргэжлийн сургалтыг англи хэл дээр болгох ёстой. Хөгжиж байгаа орнууд анагаах ухааны салбараа өргөжүүлэхийн тулд англи хэл дээр сургалтаа явуулж байна.Монголд анх барууны анагаах ухаан нэвтэрч хурдацтай хөгжсөн нэг шалтгаан бол анагаахын сургуулиуд орос хэл дээр хөтөлбөрөө явуулдаг байсных. Өөрөөр хэлбэл сургалтыг нь дэмждэг байсан хэлээр мэдээлэл авч байсан учир хурдацтай хөгжиж, эргээд зогсонги байдалд орсон. Дэлхийн хэлээр номын дуу сонсож, судалгаа шинжилгээ хийгээд ирэхээр эмч нарын маань чадамж ч мэдэгдэхүйц сайжирна. 

-Зүрхний мэс засалчид 2020 он гэхэд зүрхний бүх төрлийн гажиг, эмгэгийг эх орондоо эмчилнэ гэж зорьсон. Энэ зорилтоо биелүүлж чадах уу?

Өмнө нь Монголд эмчлэгдэггүй байсан зүрх судасны өвчнүүдийг ч бид эмчлэх боломжтой боллоо. Жишээлбэл, сүүлийн гурван жилд зүрхний хэм алдалтын эмчилгээ эрчимтэй хөгжиж байна. Төр засгаас ч дэмжиж эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Хэм алдагдал дотроо олон төрлийн эмгэг байдаг ч бид ихэнхийг нь гадаад явуулж эмчлүүлэх бус эх орондоо хийж байна. Өнгөрсөн онд л гэхэд зайлшгүй гадагшаа явж эмчлүүлэх байсан заалттай 74 хүнд эмчилгээ хийж, 150 гаруй хүнд пэйсмакер суулгасан байх юм. Зөвхөн пейсмакер суулгахад 6-11 сая төгрөгийн зардал гардаг бол эрүүл мэндийн даатгалаар найм хүртэлх сая төгрөгийг нь дааж байгаа.Тэр хэмжээгээрээ иргэдийнхээ мөнгийг эх оронд нь үлдээж чадаж байна. Зүрхний дутагдлын эмчилгээ, төрөлхийн гажигийн чиглэлд ч шинэ технологи нэвтрүүлж байна.Өнгөрсөн хавраас зүрхний титэм судасны архаг бөглөрлийг нээж өрөмдөх технологийг нэвтрүүллээ.Энэчлэн жилдээ 3-4 шинэ арга барил, эмчилгээг ойртуулахаар ажиллаж байна.

-Монгол эмч нар зүрх шилжүүлэн суулгахад бэлэн үү?

-Зүрх суулгах мэс засал бол зүрхний мэс засалч хүний мөрөөдлийн нэг байдаг. Одоогоор техникийн хувьд боломжтой ч нэгдүгээрт донорын асуудал, хоёрт мэс заслын дараа хяналтыг удирдах боломж хараахан бүрдээгүй байна. Ерөөсөө эмчийн ажлын үр дүн бол хүний насыг уртасгаж, хөдөлмөрийн чадвартай нийгэмд идэвхтэй, өөрөө өөртөө үйлчлэх чадвартайгаар амьдралыг нь чанартай үргэлжлүүлэхэд чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл арга барилын хувьд болох ч зүрх шилжүүлэн суулгасан өвчтөнийг цаашид хянаж авч явах систем, лаборатори хараахан бэлэн бус учраас бид тэмүүлэхгүй байгаа.Хувь хүнийхээ тухайд бол би зүрх шилжүүлэн суулгахаас илүүтэй хиймэл зүрх буюу зүүн ховдлыг дэмжигч багаж төхөөрөмж суулгах чиглэлд мэс засалчдаа түлхүү ажиллаасай гэж хүсдэг. Мэдээж хүний зүрхнээс хамаагүй хямд тусахын зэрэгцээ донор хүлээж цаг алдах шаардлагагүй. Бидэнтэй хамтран ажилладаг Сингапурын зүрхний төвд ийм мэс засал хийлгэсэн хүн гэхэд л 10 гаруй жил амьдрал нь чанартайгаар үргэлжилж байна.Одоогоор ийм төрлийн хагалгаа хийлгэсэн хүн аппаратаа цэнэглэдэг ганцхан үүргэвч үүрээд явдаг ч цаашид технологи улам нарийсна. Дэлхийн нийтийн чиг хандлага ч энэ чиглэлд тэмүүлж байгаа.

-Зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа, улам залуужиж байгаагийн шалтгаан юу вэ?

Маш олон учир шалтгаантай. Монголчуудын тэн хагасаас илүү нь суурьшмал амьдралтай болсон.Дулаан орчинд хөдөлгөөн багатай суугаа ажил эрхэлж байгаа хэрнээ хооллох зуршил нь эрт үеийнхээрээ байна. Өөрөөр хэлбэл зун өвөлгүй өөх тос ихтэй хоол хэрэглэдэг. Ер нь монголчууд маань эрүүл мэндийн боловсрол тааруу. Хэл устай чөлөөтэй мэдээлэл авах боломжтой хэрнээ өвчнийхөө тухай эмнэлэгт ирээд мэдэж байх жишээтэй. 

Хөдөлгөөн бол зүрх судасны өвчнөөс сэргийлэх гол арга. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас долоо хоногт 150 минут алхахыг зөвлөдөг байсан бол одоо 360 минут болгосон. Алхах, дасгал хийх, гэр орноо цэвэрлэх гээд ямар ч тохиолдолд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх олон арга бий. Дээр нь цусны даралтаа байнга хянах, өөх тосны хэмжээгээ тааруулах, жингээ барихад анхаарах ёстой. 

Архи тамхины хэрэглээ зүрх судасны өвчинд хүргэж байгаа хамгийн том эрсдэл.Дэлхий даяараа тамхинаас татгалзаж байхад манайд ихсэх хандлагатай нь санаа зовоож байна.Залуус тэр дундаа охид бүсгүйчүүдийн дунд тамхины хэрэглээ асар өндөр байна.Тиймээс тамхины хор хөнөөлөөс сэргийлэх талаар нийгмээрээ анхаарах цаг болсон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)